ОРХОН: Эрүүл мэндийн удирдах ажилтнууд ирэх жилийн бодлогоо хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-19 15:09:00
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/ Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын “Удирдах ажилтны зөвлөгөөн” болж байна. Зөвлөгөөнөөр Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэлт, цахим шилжилт, өнөөгийн  нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна.


Зөвлөгөөний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут хэлэхдээ “УИХ, Засгийн газраас 2024 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж Монгол Улс анхдагч хуультай болсон” талаар онцолсон юм.


Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа хийх, иргэдийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэнэ.


Тус хууль нь хүнээ өвдсөний дараа эмчлэх биш эрүүл байхад нь урьдчилан сэргийлэхэд чиглэх учраас  УИХ:

  • Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан
  • ЭМДСийн үйлчлэх хүрээг өргөтгөж, лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагуудад шинэ технологи нэвтрүүлэх зардлыг шийдэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн
  • Эмийн үнэ, чанартай холбоотой асуудалд чанарын ахиц гаргах чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах хуулинд өөрчлөлт оруулж, эм эмнэлгийн хэрэгслийн тендерт хэмнэлтийн зарчим, бага үнийн санал үйлчлэхгүй, тендерийг чанар үнийн хосолмол шалгуураар дүгнэх шинэ өөрчлөлтийг оруулсан зэрэг өөрчлөлт, шинэчлэлийг хийж байгаа талаар зөвлөгөөний үеэр танилцууллаа.

Зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийг Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрүүдэд хэлэлцэн тусгах юм. Зөвлөгөөнд 156 удирдах ажилтан оролцов.

 

Холбоотой мэдээ