ГОВЬ-АЛТАЙ: 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-18 12:24:38
Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ. Өнөөдөр Есөнбулаг сумын 19-26 насны залуус эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байгаа бол хөдөөгийн сумдад энэ сарын 19-26-ны өдрүүдэд эмч нар ажиллана.

2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад хоёрдугаар цэргийн бэлтгэл үүрэгтэн буюу 19-26 насны залуус хамрагдах бөгөөд дуудсан цагт, тогтоосон газарт өөрийн биеэр хүрэлцэн ирж эрүүл мэндийн үзлэгт заавал хамрагдах ёстой. Тавдугаар сарын 1-ний өдөр 2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халагдах бол 2024 оны нэгдүгээр ээлжийн цэргүүд тавдугаар сарын 3-нд албандаа мордох тухай ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер, дэд хурандаа Г.Баасанцог мэдээллээ.

Цэргийн зарлан дуудах хуудас авсан иргэд тухайн харьяаллынхаа ЭМТ-д цусны ерөнхий, биохими, ДОХ, тэмбүүгүйн шинжилгээг заавал өгөх бөгөөд шинжилгээний хариугаа үзлэгт орох өдрөө авч ирнэ. Мөн цэрэг татлагаар ирж байгаа залуус иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, цээж зураг зэрэг холбогдох бичиг баримтыг биедээ авч ирэхийг анхаарууллаа. 

Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн заасан газар, тогтоосон цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг” гэж үзэж Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцдог байна.

Сонирхуулахад, 2022 оны нэгдүгээр, хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үзлэгт Говь-Алтай аймгийн 500 гаруй 18-26 насны цэргийн насны залуус үзлэгт хамрагдсанаас 36 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцээгүй тухай Говь-Алтай аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Л.Чулуунхишиг танилцуулсан юм.

Зонхилон тохиолдох өвчлөлийг авч үзвэл даралт ихсэх, бөөрний эмгэг, элэгний В, С вирус, чихрийн шижин гэх мэт дотрын өвчлөл, гадны шалтгаант мөчдийн хугарал, үе барьцалдах эмгэг, мэс засал тэргүүлж байна. Үүний сацуу чих хамар хоолой, мэдрэл, арьс харшлын эмнэг дийлэнх хувийг эзэлжээ.

Холбоотой мэдээ