Боловсролын үндэсний зөвлөлийн анхдугаар хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-09 16:19:14

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Боловсролын Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал Төрийн ордонд болж, Боловсролын Үндэсний зөвлөлийн дэд дарга, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын талаар танилцуулжээ.


Түүний танилцуулснаар, БШУЯ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвөөс 2018-2022 онд хийсэн сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа, оношлох үнэлгээ, сурах бичгийн агуулгын шинжилгээгээр сургалтын хөтөлбөр, сурах бичигт туссан агуулга нь танин мэдэхүйн сэргээн санах ойлголтын түвшинд төвлөрсөн, хэрэглээний болон бүтээлч түвшинд анхаарал хандуулаагүй хэмээн дүгнэгджээ. Мөн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл давтамжтай хийгдсэн ч үзэл санааны хувьд “судлагдахууны агуулга төвтэй сургалтын хөтөлбөр” бүрэн өөрчлөгдөлгүй явж ирсэн байна. Олон улсын дундажтай харьцуулахад бага боловсролын түвшинд судалж буй хичээлийн тоо ойролцоо, суурь боловсролын түвшинд харьцангуй олон байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд дурдлаа.


Боловсролын багц хууль батлагдсанаар сургалтын хөтөлбөр, багшийн хөгжил, үндэсний үнэлгээний тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт, сургууль, цэцэрлэгийн менежмент, засаглал, цахим шилжилт гэсэн зургаан асуудал дээр шинэчлэлт хийх боломж бүрджээ. Дээрх судалгааны дүнд тулгуурлан сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хийх бөгөөд энэ хүрээнд сургалтын хөтөлбөрийн “Хүүхэд бүрийн авьяас” гэх ерөнхий үзэл санааг “Хүүхэд бүрийн чадамж” байхаар тусгасан байна.


Одоогийн хөтөлбөрт суралцахуйн хүрээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ тодорхойгүй байдаг бол шинэ хөтөлбөрт заавал судлах хичээл, сонгон судлах хичээл, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэх мэтээр суралцахуйн хүрээг нарийвчлан, суурь чадамжийн үнэлгээ, ерөнхий чадамжийн үнэлгээ, олон улсын үнэлгээ гэхчлэн тодорхойлсон ба тэгш хамруулах зарчим, арга зүйг баримтлах ба суралцагчийн эзэмших чадамжийг цогцоор авч үзсэн хэмээн салбарын сайд танилцуулгадаа дурдав.


Боловсролын салбарын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үзэл баримтлал”-ыг Боловсрол үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, батална.



Холбоотой мэдээ