АРХАНГАЙ: "Малчин айл" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-04-08 16:22:09

Эрдэнэбулган, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хөгжлийн нэг хөшүүрэг нь аялал жуулчлалын салбар юм. Аймгийн ЗДТГ-аас аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг өнгөрсөн жилээс эрчимжүүлж, хувийн хэвшилтэй хамтран олон бүтээлч ажлуудыг хийж, үр дүнд хүрсэн.


Энэ жил малчин иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр Архангай аймгийн Засаг дарга санаачилга гарган, аймгийн “Эртний нүүдэлчдийн өлгий” аялал жуулчлалын холбоотой хамтран “Малчин айл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.


Уг хөтөлбөрийн зорилго нь нутгийн малчин өрхүүдийг аялал жуулчлалын салбарт идэвхтэй оролцуулж, гадаадын жуулчин, дотоодын аялагчдыг хүлээн авч хонуулах, өв соёлоо түгээн дэлгэрүүлж нэмэлт орлого олох юм.


Энэ хөтөлбөрт 60 малчин өрх хамрагдаж байгаа бөгөөд эдгээр айлууд эко шийдэл бүхий ариун цэврийн байгууламжтай, гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авч, байршуулах иж бүрэн гэр зэргийг нэмэлтээр бэлтгэж эхэлжээ.


“Эртний нүүдэлчдийн өлгий” аялал жуулчлалын холбооноос малчин өрхүүдийн мэдээллийг багтаасан visit-ara.com вэбсайтыг хөгжүүлж байна. Сайтыг албан ёсоор нээсний дараа аялал жуулчлалын оператор компаниуд, гадаад, дотоодын аялагчдад сурталчлах ажлыг эхлүүлэхээр зэхэж байна.  

Холбоотой мэдээ