ТӨВ: Шилдэг тохижилт, шилдэг ногоон байгууламж шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-04 22:29:15

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын Засаг даргын тамгын газар, Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨААТҮГ-аас “Шилдэг тохижилт, шилдэг ногоон байгууламж” шалгаруулах уралдааныг энэ сарын 8-ны өдрөөс наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл зарлалаа. 


Тус уралдаанд шилдэг тохижилт, ногоон байгууламжтай аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг тус бүр шалгаруулна.   

 

Уралдаанд Зуунмод сумын хэмжээнд ногоон байгууламж шинээр бий болгосон, нэмэгдүүлсэн, идэвх санаачилгатай оролцсон, зохион байгуулсан нийт айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдах юм.

 

Уралдаанд оролцогчдоос “Зуунмод цэцэрлэгжүүлэлт” ОНӨААТҮГ энэ сарын 25-ны өдрийг хүртэл тохижилт, ногоон байгууламжийн төлөвлөгөөт зургийг хүлээн авах бөгөөд наймдугаар сард шалгаруулахаар болсон байна.  

 

Шалгуур үзүүлэлтийн хувьд аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүд өөрийн эзэмшлийн газарт мод бут тарьж ургуулах, хог ангилал, орчны бохирдол багасгах талаар авсан арга хэмжээ зэргийг харгалзан үзэх юм. Мөн ногоон гэрчилгээгээ харьяа багаасаа баталгаажуулж авсан байх шаардлагыг тусгажээ.

 

Уралдаан хоёр үе шаттай байх бөгөөд “Зуунмод цэцэрлэгжүүлэлт” ОНӨААТҮГ материалуудыг эхний шатанд шалгаруулан, шалгарсан материалуудыг Зуунмод сумын ЗДТГ-аас ажлын баг томилогдон газар дээр нь бодит байдалтай нийцүүлэн нягталж шалгаруулах юм.

 

Холбоотой мэдээ