ДАРХАН-УУЛ: Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд 30 мянган иргэн хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-29 14:35:45

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх” журамд заасны дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гаргийн 16.00 цагт улс орон даяар "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль"-ийг хийдэг уламжлалтай.




Пүрэв гаргийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль хийсэн ба үүнд аймгийн хэмжээнд нийт 30000 гаруй иргэн идэвхтэй хамрагдсан гэж аймгийн ОБГ-аас мэдээлэв.




Уг үйл ажиллагаа нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулахад оршдог.




Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумын хэмжээнд газар хөдлөлтийн үед зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.




Зарлан мэдээллийн дохио дуугарахад дараах үндсэн гурван үүргийг хэрэгжүүлдэг байна.

Эхний дохио дуугарахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж үзэж барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх.




Хоёр дахь дохио дуугарахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах.




Гурав дахь дохио дуугарахад барилга, байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай ажээ.




Өчигдөр болсон уг арга хэмжээ дээрх алхмууд албан байгууллагууд хэрхэн ханган ажиллаж байгаа, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө хэрхэн хариуцлагатай байсан зэргийг ОБГ-ын алба хаагчид шалгасан байна.



 

Холбоотой мэдээ