Үргэлж өөдөө тэмүүлсэн 100 жил

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
uranatuya@gmail.com
2024-04-04 14:43:19

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын орчин цагийн хөгжилтэй мөр зэрэгцэн өөрийн түүхээ бичиж ирсэн үндэсний томоохон үйлдвэрлэгч "АПУ" компанийн 100 жилийн ой энэ жил тохиож байна.


Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эх суурь болж, 14 ажилтантайгаар 1924 онд үүдээ нээсэн энэ компани өдгөө 2400 гаруй ажиллагсадтай, 11 мянган харилцагчтай, салбартаа манлайлагч, улсдаа төдийгүй олон улсад нэр хүндтэй томоохон үндэсний брэнд үйлдвэрлэгч болтлоо өргөжжээ.  Нэгэн зууны туршид үргэлж өөдөө ахисан амжилтаараа эх орны хөгжилд хувь нэмэр оруулж, үе үеийн үйлдвэрлэгчдэд үлгэрлэн дагах жим гаргаж ирсэн тус компанийн шинэ уриа “ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ” болж агуулгаа нэмсэн байна. Мөнхүү “Шинэ санаачилга, бүтээх тэмүүллээр, урлаж буй бүхэндээ үргэлж сэтгэлээ шингээнэ” хэмээсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.


Аливаа улс орны эдийн засгийн гол цөм нь үндэсний үйлдвэрлэл байдаг бөгөөд үндэсний үйлдвэрлэлээ түшиглэн хөгжсөн, дэмжин хөгжүүлсэн улсын алс ирээдүй бат суурьтай байдаг хэмээдэг. Тэгвэл "АПУ" компанийн төдийгөөс өдийг хүртэлх түүхэн зам нь улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрийг үзүүлж ирсэн гэж хэлж болно. Улс орны хөгжилд дэм өгдөг, тулхтай томоохон үйлдвэрлэгч болтлоо хөгжиж чадсаны гол учир нь тухайн компани ирээдүйн төлөвлөгөө, хөгжлийн бодлого, үйл ажиллагааны чиг баримжаагаа зөв тодорхойлж байсныг гэрчилж буй юм.


"АПУ" компани “Төгс, Төгөлдөр, Тунгалаг” гэсэн гурван зүйл үзэл баримтлалыг мөрдлөг болгодог. Ирэх зуу зуун жилийн түүхээ амжилттай бүтээх гол чиг шугамаа энэхүү үзэл баримлалдаа шингээжээ. Тус бүрт нь тодруулбал,


ТӨГС Үүрэг хариуцлага

• Хөгжлийг хөтөлж, нийгмийг манлайлан, зах зээл болон хамтрагчаа хүндэтгэж, үндсэн зорилгоо бүрэн таниулна.

• Компанийн санхүү, мэдээллийг ил тод, үйл ажиллагааг тогтвортой байлгана.

• Монголын тэргүүлэгч ажил олгогч байна.

 

ТӨГӨЛДӨР Соёл, бүтээгдэхүүн

• Орчин цагийн зах зээлийг манлайлан тодорхойлж, хүнсний Монгол брэндийг бүтээн үйлдвэрлэгч байна.

• Дэлхийн түвшний бизнесийн байгууллагуудтай түншилж, хамтын ажиллагааг өрнүүлнэ.

• Монголын хэл, соёлын өвөрмөц өвийг хадгалан хамгаалж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.


ТУНГАЛАГ Ёс зүй

• Хүн, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, үнэт зүйлээ дээдэлнэ.

• Компанийн хөгжил нь үйлдвэрлэлийн шинэ технологи дээр суурилна.

• Бизнесийн ил тод байдал, аюулгүйн нөхцөлийг хангаж ажиллана.

 

Мөн үнэт зүйлсээ, “Таних эрмэлзэл, Үнэн чанар, Бүтээлч чадвар, Хүнлэг сэтгэл” хэмээн тодорхойлжээ. Үүн дундаас “хүнлэг сэтгэл” хэмээх үг гойдын анхаарал татдаг. Бизнесийн байгууллага бол зөвхөн ашиг орлогыг үнэт зүйлээ болгодоггүй, харин хүний нийгмийг хамтдаа бүтээлцэж яваагийн хувьд хүнлэг байх эрхэм чанарыг ямагт дээдлэх ёстой гэдгийг энэ компани мөрдлөг болгодгийг эндээс харж болох юм.


Хүнс үйлдвэрлэгчид бол аюулгүй байдалтай холбоотой онцгой хариуцлага үүрч явдаг. Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээг ягштал даган мөрдөж ирсэн нь уг компанийн хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагаа явуулдаг гэдгийг илтгэдэг.

ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцоо FSSC 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны компани юм.


АПУ компани- Бүтээгдэхүүн бүрээ түүхий эдээс нь эхлэн хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүх шат дамжлагыг маш нарийн стандартжуулж, орчин цагийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, улсдаа анхных гэгдэх томоохон шинэчлэлүүдийг хийсэн. Үйлдвэрлэж буй бүхий л бүтээгдэхүүнээ шинжлэх лаборатортой,  шинжилгээ бүрд давхар хяналтын шинжилгээг хийдэг бөгөөд түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн болгох, хадгалалт, түгээлт хүртэлх бүх явцыг маш нарийн хяналтай. Мөн үйлдвэрлэлийн бүхий л үйл явц бүрэн автомат системд шилжсэн учир хүний хөдөлмөрийг асар ихээр хөнгөвчилсөн үйлдвэрлэл явуулдаг жишиг компани гэгдэх болсон байна.


Үйлдвэрлэлийг түүхий эд нийлүүлэлтээс нь эхлээд тээвэрлэлт, үйлдвэрлэл, түгээлт, худалдаа гээд хэрэглэгчийн гарт хүртэлх бүх шат дамжлагад хүнсний аюулгүй байдалд ширхэгчлэн анхаарах нь энэ компанийн эрхэмлэх эхний зүйл нь болж ирсэн байдаг. Тиймдээ ч 100 жилийн турш хэрэглэгчдийнхээ итгэлийг дааж энэ хүртэлх замыг туулсан биз ээ.


АПУ компани- 460 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын шингэн хүнсний хэрэглээг хангаад зогсохгүй 12 улсад экспортолж байна.  Тодруулбал, ОХУ, БНХАУ, БНСУ-д тогтмол экспортлохын зэрэгцээ АНУ, Европын зарим улс орнуудад туршилтын борлуулалтаа амжилттай хийж байгаа юм. Бүтээгдэхүүнээ экспортолж буй улсуудын хууль эрх зүйн орчин, стандартад нийцүүлж, бараа бүтээгдэхүүн, шошгоо үйлдвэрлэж Монгол брэндийг дэлхийн зах зээлд таниулсаар байгаа билээ. Экспорт нь жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд цаашид гадагш чиглэсэн борлуулалтынхаа хэмжээг ахиулах, дэлхийд өрсөлдөх үндэсний компани болох том зорилт тавьжээ.


Тус компани Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд нийт 20556 гадаад, дотоодын хувьцаа эзэмшигчтэй болжээ. Мөн ажилтнууддаа ажилласан жилийг нь 100 гаар үржүүлсэнтэй тэнцэх тооны хувьцаа олгодог болсон байна. Ийнхүү бүх ажилтандаа компанийнхаа хувьцааг эзэмших эрх олгосон нь ажилтан бүр ажилдаа эзний ёсоор хандах нэгэн төрлийн хөшүүрэг болж чаджээ. 2021 онд тус компани МХБ-д бүртгэлтэй компаниудаас хамгийн анх нэг их наяд төгрөгийн үнэлгээтэй хувьцаат компани болсон бөгөөд ногдол ашиг олголтоороо ч тэргүүлж буй. Монгол Улс дахь томоохон татвар төлөгчдийн нэг энэ компани 2022 онд л гэхэд 379 тэрбум төгрөгийн татварыг улсад төвлөрүүлсэн байна. Түүнчлэн зөвхөн архи, шар айрагны зах зээлээс гадна, сүү сүүн бүтээгдэхүүн,  ус ундааны зах зээлд 60 жилийн түүхийг бичилцэн, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн 31 хувийг хангаж байна.


АПУ компани- Чин шударга, ёс суртахуунтай үйлдвэрлэлийг эрхлэн явуулахын зэрэгцээ байгаль дэлхийд ээлтэй үйлдвэрлэл, стандартыг нэвтрүүлэхийг зорьж яваа. Тухайлбал, хог хаягдлын болон хаягдал усны менежментийг хөгжүүлэхэд анхаарч эхэлжээ. Басхүү уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулахад үндэсний томоохон үйлдвэрлэгчийн хувьд манлайлал, үлгэрлэл үзүүлэхийг эрмэлзэж, ажиллагсдынхаа идэвхи оролцоог нэмэгдүүлэхэд ч анхаарч байна. Ажиллагсдынхаа дунд ногоон соёлыг бий болгох, мод тарьж ургуулах, арчилж тордох аргачлалыг нь хүртэл нягт заан сургах үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь нийгмийн сайн сайхны төлөөх алсыг харсан бодлого гэж үнэлэгдэж байна. Цөлжилт, хуурайшилтын эсрэг  “Мод бид хоёр”, байгальд ээлтэй амьдрах хэв маягийг түгээх “Соёлоор гоёно” төслүүд хэрэгжүүлж байгаа бөгөөд, ховордсон ан амьтдыг хамгаалахад чиглэсэн төсөл эхлүүлэхээр зорьж байгаа аж.

“Соёлоор гоёно” төслийн дэд хэсэг болох “Гайхамшигт жолооч уусан бол жолоо барьдаггүй” аян нийгэмд багагүй үр дүн өгч, эерэг нөлөөллийг бий болгож буй. Энэ аяныг эхлүүлснээр олон мянган иргэн олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн үйл ажиллагаануудаар дамжуулан уусан үедээ жолоо барихгүй байх амлалт өгчээ.


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн тоо 2022 онд 54791 байсан бол 2023 онд 43146 болж 21,2 хувиар буурсан үзүүлэлт гарсан байдаг. Хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд вэб цэс хөгжүүлж, хэлбэрээр бүтээгдэхүүний шошгон дээр QR код байршуулан хариуцлагатай хэрэглээний зөвлөмж, мэдээллүүдийг хүргэдэг боллоо. Эерэг нөлөөллийн энэ мэт ажлууд нь АПУ компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлж буй сайн үлгэрлэл билээ.  

 


АПУ компани- Ажилтан албан хаагчид аливаа байгууллагын гол баялаг гэдгийг ухамсарлан, хүн төвтэй бодлого баримталдаг нь олон зүйл дээр харагддаг. Ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарах, бие бялдар болон сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг эн тэргүүнд тавьж, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд бүрэн хамруулан, сэтгэл хангалуун, тав тухтай ажиллах боломжийг бүрдүүлэхийг эрмэлздэг байна. Мөн замын хөдөлгөөний оргил цагийн ачааллаас зайлсхийх боломж олгож цагийн уян хатан нөхцөл бий болгож, ажлын байранд хөхүүл хүүхэдтэй ээжүүдийн өрөө, хүүхдийн өрөөг тохижуулж өгсөн нь өнөөгийн нөхцөлд сайтар нийцсэн шийдэл болжээ.

Хүний хөгжлийн бодлогыг ажилчдынхаа нийгмийн асуудалтай нягт уялдуулан хэрэгжүүлдэг байгууллагын нэгэнд зүй ёсоор бичигдэж буй энэ компани Монгол Улсаас анх удаа “Ажиллахад таатай газар” гэсэн олон улсын гэрчилгээг 2021 онд авсан байна.


Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээг АПУ компаниас харж болно. Тус компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг идэвхтэй дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авахдаа аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, үйлдвэр болон цех, агуулахад хуваарилан ажиллуулдаг байна. Мөн тэднийг сэтгэл хангалуун, аз жаргалтай ажиллуулахын тулд төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

АПУ компани- Монголдоо хамгийн томд тооцогдох автомат агуулахыг 2013 онд анх ашиглалтад оруулав


Хүчин чадлын хувьд Ази тивийн топ таван агуулахын нэг болох “АПУ Ложистик” автомат агуулахыг  "АПУ" компани ХБНГУ-ын Krones компанитай хамтран дэлхийн стандартад нийцүүлэн барьж байгуулсан байдаг. Өндөр хүчин чадалтай бүрэн автомат энэ агуулахад үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг шууд татан төвлөрүүлж, тогтмол хэмд хадгалан, захиалгын дагуу шуурхай түгээдэг цогц үйл ажиллагаа явагддаг. Эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд хадгалалт, хамгаалалтын горимыг мөрдөхөд тун бэрх боловч тус компани ухаалаг шийдэл бүхий энэ агуулахынхаа тусламжтайгаар стандартын шаардлага бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэж байна.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцаас өгсүүлээд агуулахад шилжүүлэх бүх ажиллагаа бүрэн автоматчилагдсан, орчин үеийн технологид суурилсан шийдлийг үйлдвэрлэл үйл ажиллагаанд нэвтрүүлсэн нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, ажилчдаа урам дүүрэн ажиллахад асар их түлхэц болдог байна.

 


Өнөөдөр Монгол Улс дахь шингэн хүнсний үйлдвэрлэлийн голыг нугалж, салбараа тэргүүлэн өнгөлж яваа тус компанийн түүхийн хуудсыг эргүүлбэл,

1924 онд Монгол Ардын Намын Төв хорооны V хурал, Ардын засгийн газрын VII хурлаар “Архины онц эрхийг улсын санд авах тухай” дүрмийг баталснаар Улаанбаатар хотноо анхны архины үйлдвэр нээгдсэн нь өнөөдрийн АПУ компани билээ. Ингээд тун богино хугацаанд үйлдвэрлэлийнхээ шатыг ахиулж, 1927 онд Чех улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар шар айраг үйлдвэрлэж эхэлсэн нь одоогийн “Боргио” брэндийн үндэс болсон байдаг. Түүнчлэн,


• 1958 онд шар айрагны үйлдвэрт хөргөлт, даралтат хийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулж, цагт 3000 шил шар айраг савлах хүчин чадалтай механикжсан урсгал шугамыг ашиглалтанд оруулан, техник технологийн дэвшилт хийв.

1961 оноос монголчуудын танил бүтээгдэхүүн Хийжүүлсэн амтат ундаа, Жанчивлангийн рашааныг үйлдвэрлэж эхлэв.

Архи пивоны комбинат 1974 онд ЗХУ-ын Эрхүү хот болон Байгаль-Амарын төмөр зам дагуух хот суурингуудад анх удаа шар айраг экспортолж эхэлсэн.

• 1992 онд Архи, пивоны комбинатыг МХБ-д бүртгэлтэй “АПУ” ХК болгон зохион байгуулж, нийт хувьцааны 51 хувийг төрийн мэдэлд үлдээн, 49 хувийг Хөрөнгийн биржээр арилжаалсан.

1998 оноос архи, спиртийн иж бүрэн шинжилгээ хийдэг лабораторид дээд зэрэглэлийн хяналт шалгалтын төхөөрөмжийг ашиглах болсон.


• 2001 онд Монгол Улсын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын салхийг хагалж, компанийн төрийн мэдэлд байсан 51 хувийн хувьцааг дуудлага худалдаанд оруулснаар АПУ ХК хувийн өмчид бүрэн шилжив.

• 2003 онд Шар айрагны үйлдвэрийн хуучин барилга, шугам сүлжээ, техник, технологид иж бүрэн шинэчлэл хийж, жилд 20.0 сая литр шар айргийг шил болон ган торхонд савлах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулсан.

• 2004 онд Ус, ундааны үйлдвэрийн хуучин барилга, шугам сүлжээ, техник, технологид иж бүрэн шинэчлэл хийж, жилд 4.5 – 5.0 сая литр бүтээгдэхүүнийг 0.33 л, 0.5 л, 1.5 л, 2 л-ийн хуванцар саванд савлах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. “APU Цэвэр ус”-ны брэндийг хэрэглэгчдийн гарт хүргэлээ.

• 2006 онд АПУ ХК сүү, жимсний шүүсний үйлдвэрийг байгуулжээ. Мөн Тетра-Пак бүрэн автоматжсан шугамын хамт “Цэвэр Сүү” брэндийг хэрэглэгчдэд танилцуулсан.


100 жилийн түүхтэй Шингэн хүнс үйлдвэрлэгч АПУ компани 2006 онд Цэвэр сүү брэндээр сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ эхэлж байсан бол 2014 онд сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлдэг Германы ГИА (GEA) компанитай хамтран сүүний шинэ үйлдвэрийг байгуулж ашиглалтад оруулсан байдаг. 46 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж бу энэ үйлдвэр ISO 22000 Стандартыг нэвтрүүлсэн Монгол дахь анхны сүүний үйлдвэр юм.

 

• 2009 онд Хоногт 15.0 мянган литр тансаг зэрэглэлийн спирт үйлдвэрлэх хүчин чадалтай, Герман улсын техник, технологиор тоноглогдсон компьютерийн хяналт удирдлагатай, орчин үеийн Спиртийн шинэ үйлдвэр “Натур-Агро”-г улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулжээ. Залуусын брэнд “Fusion” шар айраг болон хүүхэд залуусын уух дуртай “Фрутта” жимсний шүүсийг зах зээлд нэвтрүүлэв.

• 2013 онд Шингэн хүнсний салбарт шинэ технологи, стандартыг нэвтрүүлсэн шар айрагны шинэ үйлдвэрийг байгуулж, агуулахын стандартад дэвшилт гаргасан бүрэн автомат “АПУ Ложистик” төвийг тус тус бүтээн байгуулав. “Оргилуун” хийжүүлсэн усны брэндийг анх удаа Монголын зах зээлд нэвтрүүлсэн. Монголчуудын эртний танил “Боргио” шар айраг бүрэн шинэчлэгдэв.

2014 онд Красноярск хотод анхны охин компани болох “Гранд” ХХК-ийг байгуулав. 2019 оноос ОХУ-ын Татспиртпром компанитай хамтын ажиллагаа эхлүүлж Chinggis Khan брэндийн бүтээгдэхүүн экспортлож эхлэв. 2021 онд “Гранд” ХХК нь ОХУ-ын Топ-10 п-10 архин бүтээгдэхүүн импортлогчдын нэг болов. -2022 онд Эрхүү хотод охин компаниа байгуулав.

• 2017 онд Бизнесийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт тусгаарлалт: Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааг “АПУ” ХК-аас тусгаарлаж, “АПУ Дэйри” ХХК-ийг үүсгэн байгуулсныг бүртгүүлсэн.

Мөн малчдыг үйлдвэрлэгч болж, орлогоо нэмэгдүүлэх, амьжиргаагаа дээшлүүлэхэд дэм үзүүлэх үүднээс “Монгол сарлаг” төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь маш их үр өгөөжтэй ажил болсон. Энэ төслийн хүрээнд малчидтай хамтран органик хүнсний гэрчилгээтэй Mont Yak брэндийг зах зээлд гаргасан юм.


2017 онд дэлхийд алдартай Голландын Heineken компанитай менежментийн нэгдэл байгуулав. АПУ компанийн 25 хувийг Heineken компани эзэмшдэг нь дэлхийн стандартад хүрсэн үйлдвэрлэл явуулж буйг илтгэдэг.

2021 онд чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 100 оюутныг шалгаруулан тэтгэлэг олгож байв. Энэ нь Монголын нийгэмд маргаашийн манлайлагчдыг бэлтгэж, төлөвшүүлэхэд АПУ компани хувь нэмрээ оруулахыг зорьж буй жишээ.  


2023 онд "Монгол бяслаг, Шигүдэри" урлах үйлдвэрийг ашиглалтад оруулж, эх орондоо үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж эхлэв.  Ингэснээр энэ төрлийн бүтээгдэхүүний импортыг бууруулах, эдийн засагт төдийгүй Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хөдөөгийн сэргэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгаагийн нэг тод жишээ нь. Монгол үнээний сүү, сүүн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд брэнд болж гарах боломж бий болж буй нь энэ юм.


"Монгол бяслаг, Шигүдэри" урлах үйлдвэр

АПУ ХК органик бяслагаар дотоодын зах зээлийн 30 хувийг хангах, энэ төрлийн бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулахад хувь нэмрээ оруулахаар "Монгол бяслаг, Шигүдэри" урлах үйлдвэрийг байгуулаад удаагүй байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараад байгуулсан энэ үйлдвэр нь орон нутагт шинэ ажлын байрууд бий болгосноос гадна, Мандал сумын малчдаас сүүгээ тогтмол татан авч, хамтран ажиллах замаар орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Голланд, Швейцарь, Англи зэрэг улсын бяслаг үйлдвэрлэх технологийг Монгол үнээний сүүнд тохируулан нутагшуулж байгаа энэ бяслагийн үйлдвэр нь чеддар, эдам, гауда зэрэг гурван төрлийн бяслаг үйлдвэрлэхээс гадна цэвэр сүүнээс гаргаж авсан цөцгийн тос, Монгол үндэстний шимийн сархад "Шигүдэри" брэндийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэхийг зорьж байна.


Даяаршиж буй дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлж, нийгэм, улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа чанд биелүүлэн, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөөх зорилго бүхий АПУ компанийн талаарх эерэг мэдээллийг энэ мэтээр асар олныг өгүүлж болно. Хүнээ дээдэлж, үйлдвэрлэлээ төгөлдөржүүлэн, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа төгс биелүүлэхийн төлөөх зорилго нь ирэх зуу зуун жилд тасралтгүй үргэлжлэх нь дамжиггүй. 


 

Холбоотой мэдээ