ЗАВХАН: СТА, бүжигчин Э.Амаржаргал "Мөнгөн мод" наадмын шилдэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-28 14:04:28

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын уран бүтээл "Асарын өндөр" жүжгийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, "Амка дэнс студи”-ийн бүжигчин Э.Амаржаргал нар соёл урлагийн салбарын 2023 оны шилдгүүдийг шалгаруулах "Мөнгөн мод-2023" наадмаас шагнал хүртжээ.


Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Оны шилдэг уран бүтээлч” шалгаруулах 195 дугаар тогтоол батлагдсанаас хойш 15 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадам “Соёлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, соёлын ажилтны бүтээлч үйл ажиллагааг төрөөс дэмжиж урамшуулах, алдаршуулах зорилго бүхий хамгийн том ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа юм.


"Мөнгөн мод-2023 наадмын "Шилдэг хөгжмийн зохиолч" төрөлд Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын шинэ уран бүтээл Б.Цогнэмэхийн зохиол “Асарын өндөр" түүхэн аялгуут жүжгийн хөгжмөөр нэр дэвшсэн хөгжмийн зохиолч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Шатрын Өлзийбаяр шилдэг хөгжмийн зохиолчоор тодорчээ.


Хөгжмийн зохиолч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаяр


Мөн тус наадмын "Шилдэг бүжигчин" төрөлд нэр дэвшсэн Завхан аймгийн "Амка дэнс студи”-ийн бүжигчин Энхтуяагийн Амаржаргал "Мөнгөн мод-2023" наадмын шилдэг бүжигчнээр шалгарлаа гэж Завхан аймгийн Соёл урлагийн газар цахим хуудастаа мэдээлжээ. 


2023 онд Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр “Асарын өндөр” түүхэн, аялгуут жүжгийг бүтээж тайзнаа тавьсан бөгөөд үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Энэхүү жүжиг нь Хангайн нурууны баруун биеэс анх удаа олдсон Хүннүгийн Шаньюн алтан ураг, Баруун гарыг захирах томоохон язгууртны булштай холбоотой бүтээгдсэн байна.




Мөнгөн мод наадмын шилдэг бүжигчнээр шалгарсан бүжигчин Э.Амаржаргал нь 2021, 2022, 2023, 2024 онд БНСУ, ОХУ, Австрали, АНУ-д болсон олон улсын томоохон тэмцээнүүдэд цахимаар болон биечлэн оролцож, Монголын өв соёл болох бий биелгээгээр тэргүүн, дэд байруудыг эзэлсэн юм.


Бүжгийн урлагийг орон нутагт дэлгэрүүлэх, ялангуяа монгол бүжиг бий биелгээ, соёлын өвийг хүүхэд залуучуудад зааж сургадаг. "Амкагийн бүжиг" сургалтын төвд 1500 гаруй хүүхэд залуучууд суралцаж чамгүй амжилтыг үзүүлээд байгаа юм гэж бүжигчин Э.Амаржаргал дуулгалаа.


Ташрамд, "Мөнгөн мод" наадамд 216 уран бүтээлч өрсөлдсөнөөс соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг, найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач, гэрэл зурагчин гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж, мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардуулсан байна.

Холбоотой мэдээ