АРХАНГАЙ: Төрийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн үнэлгээ 65.5 буюу дунд зэрэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-26 16:41:29

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл ханамж ямар түвшинд байгаа судалгааг “Гранд дата” ХХК хийжээ.


Судалгааны зорилго нь Архангай аймгийн төрийн үйлчилгээ хэрэглэгчдэд чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй, шуурхай үйлчилж буй эсэх талаар орон нутгийн иргэдээс салбарын чиг үүргийн ялгаатай байдлаар сэтгэл ханамжийг үнэлүүлж, түүний үр дүнг цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой саналыг дэвшүүлэх юм.


Зорилгын хүрээнд аймгийн төрийн үйлчилгээнд хандах хэрэглэгчийн сэтгэл ханамжийг салбарын чиг үүргийн ялгаатай байдлаар тодорхойлох, төрийн үйлчилгээнд хэрэглэгчийн зүгээс тулгамдаж буй асуудлыг тодруулах, хэрэглэгчээс ирүүлсэн санал асуулгын дүнд үндэслэн төрийн үйлчилгээг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмжийг өгч байна.


Судалгааг түүврийн аргаар авсан ба аймгийн төв Эрдэнэбулган сум, Батцэнгэл, Ихтамир, Төвшрүүлэх, Булган, Цэнхэр, Хотонт сумын насанд хүрсэн нийт 33146 иргэний 841-ийг хамруулжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 53.8 хувь нь дээд, 30.6 хувь нь бүрэн дунд, 12.6 хувь нь бүрэн бус дунд, 3.3 хувь нь бага боловсролтой байв.


Судалгааг боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, нийтийн тээвэр, аюулгүй байдал, шударга ёс, ажил эрхлэлт, нийгмийн даатгал, батлан хамгаалах, улсын бүртгэл, засаглал гэсэн салбаруудыг хамруулан авсан ба үнэлгээ нь 1-5 хүртэл оноогоор үнэлэгддэг.


Судалгааны дүнд салбарын дундаж үнэлгээ болон үйлчилгээний чанар 3.28, хүртээмж 3.36, үйлчилгээний ажилтны харилцаа, ёс зүйн үнэлгээ 3.22, үйлчилгээний байгууллагын орчны үнэлгээ 3.25 гээд Архангай аймгийн төрийн байгууллагаар үйлчлүүлсэн хэрэглэгчийн дундаж үнэлгээ 65.5 хувьтай гарчээ.


Судалгааг хийсэн компаниас төрийн үйлчилгээний байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмж, орчин нөхцөл, үйлчилгээний ажилтны харилцаа, ёс зүйг сайжруулах чиглэлээр нийт 34 санал, зөвлөмжийг аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн байна.  

Холбоотой мэдээ