ТӨВ: Хэвлэл мэдээллийнхний спортын наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-18 15:48:50

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод хотод 3 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн байгууллага, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд спортын наадам зохион байгууллаа. 

 

Наадамд 43 багийн 400 орчим тамирчин холимог волейбол, сагсан бөмбөг, дартс, буухиа гэсэн спортын 4 төрөлд 69 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө.

 

Төв аймгийн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн Ж.Хонгорбаатар нээлтийн үеэр үг хэлэхдээ, “Өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн байгууллага, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, найруулагч, инженер техникчид гээд редакц бүрэн бүрэлдэхүүнээрээ Төв аймагт хүрэлцэн ирсэнд маш их баяртай байна. Тэр дундаа орон нутгаас 10 аймгаас баг хүрэлцэн ирж оролцож байгаа нь үнэхээр онцлог байна. Өдөр бүр шинэ, соргог мэдээллийг түгээж ажилладаг хэдий ч хоёр өдрийг зөвхөн спортын наадамд зориулж байгаад нь бүх оролцогч нартаа талархаж байна” гэв.

 


Тэмцээнд оролцож байгаа оролцогчдын сэтгэгдлээс тодруулахад, “Жил ирэх тусам улам өндөр чансаатай тэмцээн болж байна. Тэмцээний зохион байгуулалт маш сайн байлаа. Зуунмод хот аймгийнхаа 100 жилээс хойш нэмээд өнгө засч, хоггүй, цэвэрхэн, гудамж талбайн гэрэлтүүлэг сайтай улам сайхан болсон байна. Манай хэвлэлийнхэн 2 өдөр үнэхээр тавтай, тухтай наадлаа” гэв.

 


Тэмцээний волейболын төрлөөр тэргүүн байрыг Булган, Хөвсгөл, Сэлэнгийн баг эзэлсэн бол дэд байрт Волейбол клуб, гутгаар байрт Хэвлэлийн төлөөлөгч нарын баг тамирчид шалгарав.




Эрэгтэй сагсан бөмбөгийн төрлийн тэргүүн байрт Хэвлэлийн төлөөлөгчид шалгарсан бол дэд байрт ETV, гутгаар байрт Эрхэт монгол медиа холдинг тус тус шалгарлаа. Эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн төрөлд тэргүүн байрыг NTV телевиз эзэлсэн бол дэд байрт Zogii.mn, гутгаар байрт Төв аймгийн баг тус тус шалгарлаа.


Дартсын төрөлд тэргүүн байрт Төв аймаг шалгарч, дэд байрыг Цахиур мн, Лайв тв, Нууц мн баг, гутгаар байрыг Баянхонгор аймгийн баг тус тус эзлэв.


Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт Хэвлэлийн төлөөлөгчид шалгарч дараа жилийн тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.

 

Холбоотой мэдээ