65-аас дээш насныхан өвчин намдаах эм хэрэглэх нь зүрхний дутагдалд хүргэх эрсдэлтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
adiyakhuu@montsame.mn
2016-10-02 17:33:58

ЛОНДОН. /BBC/. Өвчин намдаах түгээмэл эмүүдийг байнга хэрэглэх нь зүрхний дутагдалд хүргэж болзошгүй гэсэн дүгнэлтийг The British Medical Journal сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсан байна.

Ялангуяа айл өрх бүрийн эмийн санд байдаг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй NSAID гэдэг төрлийн эм нэлээд аюултай гэнэ. Түүнээс гадна, ибупрофен, напроксен, диклофенак зэрэг түгээмэл эмүүд ч мөн адил аюултай бөгөөд тэдгээрийг "Нурофен", "Адвил", "Вольтарен"  гэх мэт арилжааны нэрээр борлуулдаг ажээ.

Италийн Милан хотын Бикокка их сургуулийн судлаачдын явуулсан судалгааны явцад, дээрх төрлийн өвчин намдаах эм хэрэглэж байсан 10 сая хүний талаарх эмнэлгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Их Британи, Нидерланд, Итали, Германы иргэд болох тэдний дундаж нас 77 байсан бөгөөд тэдний талаарх мэдээллийг өвчин намдаах эм огт хэрэглэдэггүй хүмүүсийнхтэй харьцуулсан байна.

Судалгааны дүнд, дээрх эмүүдийг хэрэглэдэг ахимаг настнуудын хувьд зүрхний дутагдлаар эмнэлэгт хүргэгдэх магадлал 19 хувиар их байдгийг тогтоожээ.  

Үүнээс үүдэн, зүрхний өвчинтэй тэмцэх Британийн сангийн шинжээчдийн зөвлөснөөр, NSAID бүлгийн эмүүдийг аль болохоор бага хэмжээгээр хэрэглэх, удаан хугацаагаар хэрэглэхгүй байх нь зүйтэй юм. Профессор Стивен Эванс ярихдаа, энэ зөвлөгөөг ахимаг насны хүмүүс дагах нь зүйтэй, харин 65-аас доош насныханд өвчин намдаах эм бараг нөлөөлдөггүй гэлээ.

Б.Адъяахүү

 



 

 

Холбоотой мэдээ