БАЯН-ӨЛГИЙ: Иргэдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглах боломж бүрдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-13 16:15:53

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдын нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг улиралд 1 удаа буюу жилд 4 удаа зохион байгуулахаар хуульчилсан.


Энэ жилийн эхний ээлжийн төрийн албаны ерөнхий шалгалтад Баян-Өлгий аймгийн 151 иргэн оролцож байна. Шалгалтыг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулна.  


Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс өгсөн мэдээллээр шалгуулагчид шалгалтад нэг өдөрт 5 ээлжээр орох бөгөөд нэг ээлжид 22 иргэнийг хамруулна. Мөн шалгалтын ил тод байдлыг хангах үүднээс шалгуулагчид болон иргэдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглах боломж бүрдүүлсэн байна.


Шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэсэн 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номын агуулгын хүрээнд авч байгаа.


Ташрамд, Баян-Өлгий аймагт төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн 520 иргэн нөөцөд бүртгэлтэй.  

Холбоотой мэдээ