Орхон сум 16 мянган тонн хүнсний ногоо хурааж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-01 20:34:02

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд нар Орхон сумын ургац хураалтын явцтай танилцлаа. Тус сум энэ намар 16 мянган тн ургац хурааж авахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 70 орчим хувийг нь хурааж авчээ.

Цаг агаар тогтуун байвал ойрын өдрүүдэд төлөвлөсний дагуу ногоогоо хураан авах бүрэн боломжтой гэж сумын Засаг дарга Б.Батбаяр танилцуулав. Мөн ногоо хураахад цаг агаараас гадна хүн хүчний асуудал эн түрүүнд тавигддаг. Тиймээс Дархан хот дахь их, дээд сургуулиудын 400-аад оюутан, Хууль сахиулах их сургуулийн 50 гаруй оюутнууд ногоо хураалтад ажиллаж байна гэв.

Ногоочид хураасан ногоогоо хадгалж борлуулахад жил бүр тулгамдсан асуудал болдогийг хэлээд ченж нарын гараар дамжиж ногооны үнийг хэт хөөрөгдөх эсвэл ногоочид ижил төрлийн хүнсний ногоо их хэмжээгээр тарьдаг зэргээс болж хүнсний ногоо хадгалж борлуулахад хүндрэл учирдаг байна.  Уг асуудлыг газар дээр нь хэлэлцэж хүнсний ногоог олон дамжлагагүйгээр цэцэрлэг, сургууль, байгууллага, иргэдэд боломжийн үнээр хүргэх нөхцлийг бүрдүүлж ажиллахаар боллоо.

Орхон сум энэ жил 9200 тн хадлан бэлтгэхээс 6860 тонныг, малын тэжээл 30 тонныг бэлтгэжээ.

                                                              Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ