ХОВД: Хүүхдийн ордны барилгад их засвар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-12 12:10:16

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар цахим уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр Ховд аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, хүүхэд рүү чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн гэдгийг онцлон танилцуулав.

Мөн өнгөрсөн жил Японы “Өвсний үндэс” хөтөлбөрийн дэмжлэгээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын барилга буюу хүүхдийн ордны барилгад их засвар хийх хүсэлт  илгээсэн нь дэмжигдэж, энэ сарын 11-нд талууд гэрээнд гарын үсэг зурлаа.   


Тус байгууллагын барилга 2008 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш их засвар хийгээгүй. Олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудсан байна. Өөрөөр хэлбэл 15 жилийн дараа их засвар хийх боломж бүрджээ.   

Энэ нь “Өвсний үндэс” хөтөлбөрөөс Ховд аймагт  хэрэгжүүлж буй 23 дахь төсөл болж байна.

Ташрамд, Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь одоогоор 15 нэр төрлийн дугуйлан хичээллүүлж, жилд дунджаар 1000 гаруй хүүхдэд үйлчилж байна.     

Холбоотой мэдээ