Тэрбум мод: 61.5 сая тарьц суулгацын нөөц бүрдүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-03-05 10:39:53

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн эхлээд хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд хийсэн ажлын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаагаас тодрууллаа


Тэрбээр, өнгөрсөн хугацаанд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 41.5 сая орчим мод тарьсан. Төр болон хувийн хэвшлийн хэмжээнд 12.1 тонн үрийн нөөцтэй байна. Жилдээ 130-150 сая ширхэг мод хэрэгтэй байгаа. Одоогоор 61.5 сая орчим ширхэг тарьц суулгацын нөөцийг бүрдүүлээд байгааг мэдээллээ.

Өнгөрсөн хугацаанд мод тарьж, ойжуулах дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэн ажиллалаа. Хөдөлгөөний эхний гурван жилд бэлтгэл ажил буюу бааз сууриа сайн бэлдэж, тарьц, суулгац, хүний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байсан. Түүнийхээ дагуу явж байна. Тиймээс “Тэрбум мод” хөдөлгөөний үйл ажиллагаа энэ онд эрчимтэй үргэлжилж, 2025 оноос илүү өргөжинө. Монгол орны ойжуулах ажил 2030 оноос хойш ч үргэлжилнэ гэв.


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн нь одоо байгаа доройтсон ойгоо нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтол, хөрсний элэгдсэн эвдрэлийн эсрэг хамгаалалтын зурвас байгуулах, хот суурин газарт ногоон байгууламж нэмэгдүүлэх гэсэн үндсэн гурван зорилгын хүрээнд хэрэгжиж буй юм


Тодруулбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн салбарын 21 компани, ААН нийтдээ 608 сая мод тарихаар үүрэг, амлалт авсан юм. Жишээлбэл, “Оюутолгой компани 100 сая мод тарихаар амласнаас 60 сая модыг биетээр тарьж, үлдсэн 40 саяыг нь дүйцүүлэх хэлбэрээр тооцох нөхцөлтэй. Энэ нь улсын хэмжээний тариалалтад суурь дэд бүтцийн хэрэгцээ байгаа учир дүйцүүлж буй дүндээ зарим компани Мод үржүүлгийн газруудад хөрөнгө оруулах аж. Одоогоор говийн бүсэд Мод үржүүлгийн 3 газар байгуулж, дахин хоёр аймагт 3-ыг байгуулахаар ажиллаж байна


ААН-үүд мод үржүүлгийн газруудад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг худалдаж авах, шинэ техник, технологийг нутагшуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зэрэгт тусалж байна. Ингэснээр 40 саяар тогтохгүй их модыг тарих дэд бүтцийг бий болгоно гэлээ


Уул уурхайн компани мод тарих, ойжуулахад зарцуулах санхүүжилтээ шийдэж байгаа бол үржүүлгийн газрууд модоо тарьж арчлахад анхааран ажиллах нь хамгийн зөв шийдэл юм.


“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн хугацаанд:

  • Сэлэнгэ аймгийн Ялбагын хөндийд эзэнгүй орхигдсон уул уурхайн талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээИнгэснээр одоо биологийн нөхөн сэргээлт буюу мод тарьж эхлээд байна. 
  • Богд уулын аманд 70 га талбайд доройтсон ойг нөхөн сэргээж байна
  • Нийслэлд хотын гудамж талбай, дүүрэг хороодын нутаг дэвсгэрээс гадна Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллагууд 8 газрын хариуцан эдгээр байршилд мод тарьж байна.
  • Энэ жил бид хашаандаа мод ургуулж байсан туршлагатай, бусдадаа зааж зөвлөх, мод тарьж ургуулах үнэнхүү хүсэлтэй 50 айлыг сонгож тусламж үзүүлэх төсөл хэрэгжиж байна. Шалгарсан айлуудад 4х6 харьцаатай хүлэмж өгнө. Тарих модны үр өгч мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллана. 
  • Ойн инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэж чадавхжуулах чиглэлээр БНХАУ, БНСУ зэрэг улстай хамтран байна. МУИС, ХААИС, МСҮТ-үүдийн богино болон урт хугацааны сургалтуудад оюутан, сурагч нарыг хамруулж байна
  • 1000 сургагч багш нар өөр өөрийн орон нутагт мод тарих иргэд, байгууллага, ААН-үүдэд зөвлөн ажиллаж байна
Холбоотой мэдээ