АРХАНГАЙ: Малын цэцэг өвчнөөр 41 хонь хорогдсоныг булж устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-28 10:25:12

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн Мөнхөт хонгор, Өгий багийн Цагаан чулуут гэх газруудад бог малын цэцэг өвчин гарсан тул сумын Засаг даргын 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн А/13 дугаар тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ. 


Ажлын хүрээнд Орхон багийн Мөнхөт хонхорт суурин пост 2, Онцгой байдлын газраас 3 алба хаагч, Цагдаагийн газраас 2 алба хаагч, ЗДТГ-аас 26 ажилтан, Мал эмнэлгийн тасаг 5, мал эмнэлэг нэгж 4, нийт 40 хүн, 3 автомашин үүрэг гүйцэтгэж байна.


Хоёрдугаар сарын 9-21-ний хугацаанд нэмж өвчилсөн мал байхгүй. Тусгаарлалтад байсан хониноос 5 хонь үхсэнийг булж устгажээ.


Малын цэцэг өвчнөөр 2 голомтын 3 өрхийн нийт 293 хонь өвчилж, 41 хонь хорогдсоныг булж устгасан байна. 252 хонийг тусгаарлан хоёрдогч халдвараас сэргийлж, эмчилгээ хийж байна.


Мөн 56 өрхийн 14700 хонинд вакцинжуулалт хийж, 5400м2 талбайг халдваргүйжүүлээд байна.


Энэ хавар малын сэг зэм их гарч, шар усны үер буух магадлал их учраас малын гоц халдварт өвчин гарч болзошгүйг аймгийн Онцгой комиссоос мэдээлж буй. Улсын мал эмнэлгийн газраас эхний ээлжинд 15 мянган тун вакциныг хийж эхлээд байна. Дараагийн удаад Монголд үйлдвэрлэсэн вакцинаас 250 мянган тун вакциныг өгөхөөр болжээ. 


Үүнээс гадна Чулуут суманд үхрийн галзуу өвчин гарсантай холбоотойгоор улсын нөөцөөс 110 мянган тун вакциныг шийдэж өгөхөөр болсон байна.

Холбоотой мэдээ