ХӨВСГӨЛ: Политехникийн коллежийн шинэ цогцолборын барилгын ажил энэ онд эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг дахь Политехник коллежид 23 мэргэжлээр 500 гаруй оюутан,
сурагч суралцаж байна.
Политехник коллежийн хэв шинжийг өөрчилж, ШУТИС-ийн харьяа болгож байгаатай холбогдуулан тус сургуулийн зорилго, бүтэц, чиглэлийг тодорхой, оновчтой болгох шаардлага үүссэн байна.
Тус коллеж ойн мэргэжилтэн, байгаль орчин, аялал жуулчлалын менежмент, үйлчилгээ, үйлдвэрлэл, мал аж ахуйд түшиглэсэн хөнгөн үйлдвэр, аж үйлдвэрийн мэргэжилтнүүд бэлтгэх чиглэлд төрөлжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Суралцагчид нь өөрөө хүсвэл байгаль орчин, аялал жуулчлал, барилга, тээвэр, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-д шатлан суралцах боломжтой.
Тухайлбал, орон
нутагтаа тэтгэлэг аваад бакалаврын түвшинд 2 жил суралцаад үргэлжлүүлэн ШУТИС-д
суралцах боломжтой юм.
Политехникийн
коллежийн 19.1 тэрбум төгрөгийн өртөгтэй шинэ цогцолборын барилгын ажил энэ онд
эхэлнэ.
Энэхүү цогцолбор ашиглалтад
орсноор тус коллеж бүсийн хэмжээний нарийн мэргэжлийн томоохон сургууль болж
хөгжихийн эхлэл, суурь тавигдах ажээ.