З.Батбаяр: Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх арга нь усан сан байгуулах явдал юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-02-23 13:44:05

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа хийв. Энэ үеэр нийслэлд үүсээд буй Сэлбэ голын халиа, тошинтой холбоотой мэдээллийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр өглөө. Түүнээс зарим зүйлийг тодруулав.

-Голын халиа тошин, шар усны үерээс хэрхэн урдчилан сэргийлж хамгаалах вэ? Энэ тал дээр байгууллага, ААН, иргэд юунд анхаарч, юу хийх ёстой вэ?

-Халиа тошин, шар усны үер ч бай, аль ч нөхцөлд урдчилан сэргийлж, авах арга хэмжээ бол тэр их усыг цуглуулж хуримтлуулах усан сан байгуулах явдал юм. Шар усны үер ирэх 3 дугаар сарын дундуур болох төлөвтэй байна. Гол нь зуд, ган дараалсан байдлаар давтамж нь ихэсч буй өнөөгийн энэ нөхцөл байдлын үед урдчилан сэргийлэх, хамгаалах нь чухал. Халиа тошин нь шар усны үер шиг тийм ч их хэмжээний ус үүсгэдэгүй.


Сэлбэ голын халиа үүссэн нөхцөл байдлын хувьд энэ нь өнгөрсөн зуны хур бороо ихтэй байснаас, мөн голын хамгаалалтын бүсэд газар олгож, барилга их баригдаж, цардсан талбай нэмэгдэж, хөрсний усыг шүүрүүлэн зайлуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой юм

Нэг ёсондоо энд байгалийн биш зохиомол үерүүд бий болж байна гэсэн үг. Үер болж байгаа нь голын болон усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөөгүйтэй шууд холбоотой. 

-Танай газраас энэ оны эхлэн автомашин угаалгын газруудыг цэвэр ус ашиглахыг хориглоно хэмээн мэдэгдэж байсан. Энэ ажил хэр явж байна вэ?

-Усны газар, Туул голын сав газрын захиргаа хамтран нийслэлд ажиллаж байгаа машин угаалгын газруудын үйл ажиллагаатай танилцаж, шалгасан. Улаанбаатар хотод автомашин угаалгын 200 газар байна. Үүнээс 65 орчим хувь нь төвлөрсөн шугамаас, 25 хувь нь гүний худгаас, 10 орчим хувь нь зөөврөөр усаа авч ашигладаг.


Бид анхааруулж, заавар зөвлөгөө өгч ажилласны дүнд машин угаалгын газруудын 30 хувь нь саарал болон хаягдал усаа эргүүлэн ашиглаж эхэлсэн. Энэ бол ахиц. Хамгийн гол ахиц дэвшил нь тухайн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд усаа эргүүлж ашиглах талаар мэдээлэлтэй бай, үүнийг ойлгож байгаа нь сайн талтай байна.

Мөн автомат төхөөрөмж суурилуулах нь машин угаах үнэ буурах, усаа хэмнэх, эргүүлэн ашиглах давуу талтай. Дараагийн ээлжинд манай байгууллагаас жолооч, автомашин эзэмшигч нарт хаана, ямар угаалгын газар саарал ус ашиглаж буй жагсаалтыг гарган танилцуулах гэж байна.

Холбоотой мэдээ