ДУНДГОВЬ: ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн төслийг энэ сарын 23-ны өдөр хүртэл хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-15 15:16:28
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг нэгдүгээр сарын 24-ний өдрийн 8.30 цагаас цахимаар авч эхэлснээс хойш Дундговь аймгийн хэмжээнд 6 аж ахуйн нэгж төслөө илгээжээ.


ХХААХҮ-ийн сайдын А/28 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс олгох хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар 29,0 тэрбум төгрөгийг батлагдсан 21 салбар, чиглэлд үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зориулалтаар олгох ба энэхүү зээлээс тус аймагт 1 тэрбум төгрөгийн зээл олгох ажээ.


Хөнгөлөлттэй зээлийг 5 хүртэл жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй олгох бөгөөд зээлийн үндсэн төлбөрийг 12 хүртэл сараар чөлөөлөх ба төслийг  2 дугаар сарын 23-ны өдрийн 8.30 цаг хүртэлх хугацаанд цахимаар хүлээн авах юм.


Мөн ХХААХҮ-ийн сайдын А/26 дугаар тушаалаар Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны хооронд байгуулсан гэрээний дагуу  “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн эх үүсвэрээс орон нутагт түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор улсын хэмжээнд 4,2 тэрбум төгрөгийг “Загвар хоршоо”-ны үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зориулалтаар жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно.


Төслийн материалыг нэгдүгээр сарын 31-ний өдрийн 8.30 цагаас 3 дугаар сарын 1-ний өдрийн 8.30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахим системээр мөн хүлээн авах аж.


Түүнээс гадна ХХААХҮ-ийн сайдын А/27 дугаар  тушаалаар УИХ-ын 2022 оны ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим  арга хэмжээний тухай’’ 36 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу “Жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг” үзүүлэхээр 2,9 тэрбум  төгрөгийг 8 жилийн хугацаатай үндсэн болон эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 3 хүртэл жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгохоор шийдвэрлэсэн.


Төслийн материалыг нэгдүгээр сарын 31-нээс авч эхэлсэн бөгөөд 3 дугаар сарын 1-ний өдрийн 8.30 цаг хүртэл мөн цахимаар хүлээн авах аж.


Дундговь аймгийн ХХААГ-ын мэдээлснээр дээрх 3 төрлийн төслийн шалгаруулалтад оролцохоор 30 гаруй аж ахуйн нэгж зээлийн өргөдлийн материал авсан ч өнөөдрийн байдлаар 6 аж ахуйн нэгж 600 сая гаруй төгрөгийн төсөл өгчээ. Харин өнөөдрөөс оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд зөвлөгөө авч, идэвхжиж байгааг онцолж, төслийн саналаа хугацаанд илгээхийг анхаарууллаа. 



Холбоотой мэдээ