Монгол судлаачийн бөхөнгийн судалгаа олон улсад үнэлэгдэж, тэтгэлэгт шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-15 09:55:26

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Узбекистаны Самарканд хотод болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын XIV бага хурлын (CMS COP14) үеэр Бөхөн хамгааллын салбар хуралдаан болжээ.


Уг хуралдаанд Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн захирал Жастин Шанти, ахлах судлаач Б.Бүүвэйбаатар, судлаач С.Болорцэцэг тэргүүтэн оролцсон байна.

Салбар хуралдааныг Бөхөн хамгаалах нийгэмлэг зохион байгуулсан ба Казахстан, Киргизстан, ОХУ, Тажикистаны төрийн байгууллагуудын төлөөлөл, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар (CITES), АНУ-ын Загас, зэрлэг амьтан судлах алба (USFWS), Бөхөн хамгаалах холбоо (SCA), Алтан далай санаачилга (ADI), Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) зэрэг байгууллагын төлөөлөл оролцжээ.


Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ахлах судлаач, амьдрах орчны хөтөлбөрийн менежер Б.Бүүвэйбаатар “Монгол орны бөхөнгийн хамгаалал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар илтгэл тавьжээ. Тэрбээр илтгэлдээ, “2024 онд Монгол Улсын Засгийн газраар батлуулах “Бөхөн хамгааллын стратеги төлөвлөгөө”, шугаман дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцад бөхөнгийн популяцыг хэрхэн хамгаалах, бөхөнгийн тоо толгой 2018-2023 онд 3391-15540 болтол өссөн ололт амжилт, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дурдсан байна.


Харин Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн судлаач, менежер С.Болорцэцэг бөхөнгийн хууль бус худалдааг таслан зогсоох талаар иргэний нийгмийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй зохион байгуулсан талаар илтгэл тавьжээ.


Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж, Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Олонбаатар, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаач, магистр Ч.Баярмаа нар оролцон монгол бөхөн хамгаалах талаар хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав.


Судлаач Ч.Баярмаагийн бөхөн хамгааллын төслийн хүрээнд 2023 онд хийсэн бөхөнгийн идэш тэжээлийн судалгааны ажил нь хуралд оролцогчдын анхаарлыг ихэд татаж, сайшаагдан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны ажлаар үнэлэгдэж тэтгэлэгт шагнал гардсан байна.


Байгаль хамгаалах үйлсэд гаргасан амжилтыг нь үнэлэн “Шилдэг бөхөн хамгаалагч” шагналаар Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн олон янз байдлын мэргэжилтэн Г.Олонбаатар шагнуулав.  





 

Холбоотой мэдээ