“Чингис хаан” олон улсын нисэх буудал дөрвөн одтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь Английн “Скайтракс” олон улсын судалгаа үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “Дөрвөн од” зэрэглэлийн нисэх буудал үнэлгээг авлаа.
Их Британийн Лондон хотод төвтэй “Скайтракс” олон улсын cудалгаа, үнэлгээний байгууллага нь 1989 онд байгуулагдсан бөгөөд терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт тус бүрээр шинжилгээ хийж, 1-5 оноогоор үнэлдэг ажээ.
Энэхүү “Дөрвөн од” зэрэглэлийг хангаснаар Франкфурт, Сидней, Лондоны “Хитроу” зэрэг нисэх буудлын эгнээнд нэгдэж байгаа юм.