ХОВД: Шилдэг үйлдвэрлэгчдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-02 18:34:41

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/.  Сар шинийн баярыг угтсан "Хаврын өнгө" үзэсгэлэн худалдаа амжилттай үргэлжилж байна.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Ховд аймгийн төв болон Мөнххайрхан, Манхан, Чандмань, Дуут, Дөргөн, Буянт, Дарви, Булган сумаас иргэн, аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчид оролцлоо. Үүнээс гадна зэргэлдээ Баян-Өлгий, Завхан аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бүтээгдэхүүнээ дэлгэн оролцсон нь "Хаврын өнгө" үзэсгэлэн худалдааны цар хүрээ өргөжиж байгааг  харуулж байна.

Үзэсгэлэн худалдаа эхлээд дөрвөн өдөр болж байгаа ба энэ хугацаанд 124 иргэн аж ахуйн нэгж сүү цагаан идээ, гар урлал зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг иргэдэд танилцуулснаар 160 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийжээ. 


"Хаврын өнгө" үзэсгэлэн худалдааны хүрээнд өнөөдөр тодорхой шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан  шилдэг таван бүтээгдэхүүнийг шалгаруулж,  шагналаа.
Тодруулбал

  • Шилдэг оёдол, оёмол бүтээгдэхүүний төрлөөр Жаргалант сумын иргэн Д.Урангоо
  • Модон эдлэлийн шилдэг бүтээгдэхүүний төрлөөр Жаргалант сумын иргэн П.Идэр  
  • Шилдэг гурилан бүтээгдэхүүний төрлөөр Жаргалант сумын иргэн Л.Ганбат
  • Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүний төрлөөр Мөнххайрхан сумын иргэн Ц.Амартүвшин
  • Шилдэг нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний төрлөөр Дөргөн сумын иргэн С.Мишигдорж  тус тус амжилттай оролцож, Шилдэг үйлдвэрлэгч хэмээх шагналын эзэн боллоо.   

Энэхүү үйл ажиллагаа нь аймаг, сумдын брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулах, үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хямд үнэтэй, чанартай, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнийг нэг цэгээс худалдан авах боломжийг иргэдэд олгож байгаагаараа давуу талтай.

Дээрх үзэсгэлэн худалдаа энэ сарын 4-ний өдөр хүртэл үргэлжлэхээр болжээ.


Тус үйл ажиллагааг Ховд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Төрийн банк, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр Хөгжлийн шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр хамтран зохион байгуулж буй.    

 

Холбоотой мэдээ