ХӨВСГӨЛ: Мөсний зузааныг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 5-15 см нимгэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-30 12:08:07

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 30-110 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна.

  

Эг гол Хатгал тосгон орчимд мөсөн зах өргөсөн зузаарах үзэгдэл ажиглагдсан байна.


Харин Хөвсгөл нуур Ханх сум, Хатгал тосгон орчимд мөсний зузаан 10-20 см нэмэгдэж, 50-60 см зузаан мөстэй болжээ. Дээрх голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-15 см нимгэн байна.


Иймд ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ