Жуулчдын тоо 10 мянгад хүрсэн нөхцөлд аймгийн хөгжилд дорвитой нөлөө үзүүлнэ 

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-28 14:55:48

Өчигдөр Баян-Өлгий аймгийн удирдлага аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзалт зохиож санал солилцов.

Тус аймагт аялал жуулчлалын салбар 1990-ээд оны эхнээс эржимжсэнээр гадаад олон орнуудаас жилд 2500 орчим жуулчин ирж аймгийн хөгжилд зохих хувь нэмэр оруулдаг болсон байна. Жуулчид Алтай Таван Богд, Хотон, Хурган, Даян нуур, Тобо, Ачит нуур, Сийлхэм, Хөх сэрхийн нуруу, Баяннуур, Цамбагаравын нуруу зэрэг таван чиглэлээр явдаг.

Жуулчид цаст өндөр уулс, дэлхийд ховор үзэсгэлэнт байгаль, ховор ан амьтан, хадны зураг, хөшөө бунхан зэрэг эртний түүх, соёлын дурсгалт зүйлс, казах, урианхай, тува, дөрвөд зэрэг нүүдэлчин зон олны зан заншил, ахуй амьдралын хэв маягийг морь, тэмээтэй, явган аялал сонирхдог. Эдгээрийн дотроос бүргэд тус аймгийн аялал жуулчлалын гол брэндээр тодорч байна. Жилд ирдэг жуулчдын тоо 10 мянгад хүрсэн нөхцөлд аймаг орны хөгжилд дорвитойхон нөлөө үзүүлнэ. Гэвч гадныхны ирэхэд агаарын тээвэр ихээхэн бэрхшээл учруулдаг байна. Ялангуяа зуны улиралд нислэг ховор, замын зардал өндөр тул уг асуудлыг нааштай зохицуулахыг төр засгаас хүсэв. Мөн дээрх чиглэлээр явах авто замууд нэлээд бэрхшээлтэй тул үүн дээр анхаарал тавих, жуулчдын баазуудын тохижилт, үйлчилгээг стандартын шаардлагад нийцүүлэн сайжруулах, хөтөч нарыг гадаад хэл, түүхийн мэргэжлээр давтан сургах зэрэг асуудлыг хэрэгжүүлэх зорилтыг уулзалтанд оролцогчид дэвшүүллээ.              

                                                                                                                    Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ