АРХАНГАЙ: Өнгөрсөн онд 1.1 сая ширхэг тарьц суулгацын нөөц бүрдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-26 10:35:18

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Мод үржүүлгийн газрын ажилд дэмжлэг үзүүлж, тарьц, суулгацын нөөцийг нэмэгдүүлэх, үр бэлтгэх байнгын болон түр талбайг байгуулах, арчлах ажлыг орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн гучаад сая төгрөгөөр хийсэн байна.

 

Цэнхэр, Булган, Ихтамир, Өгийнуур, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Хотонт, Хайрхан сум дахь мод үржүүлгийн газруудад тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхээр хүлэмж болон ил талбайд навчит, шилмүүст модны 70 кг үр, 300.0 мянга гаруй мөчрийг тарьж, усалгаа, арчилгааны ажлыг технологийн дагуу гүйцэтгүүлжээ.


2023 онд мод үржүүлгийн газруудын талбайд 1-5 настай 10 гаруй төрөл зүйлийн 1.1 сая ширхэг тарьц суулгацын нөөцийг бүрдүүлсэн байна. Ихтамир сум дахь сум дундын ойн анги шинэс модны үр түүх байнгын талбайг арчлах ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 10 га газарт түймрээс хамгаалах шороон зурвас татаж, хаяг самбарыг засаж сэлбэн байршуулж, титмийн хэлбэржүүлэлт хийж, мод бүрийн эргэн тойрны хөрсийг сийрүүлэн, үрийн модыг тэмдэгжүүлэх зэрэг арчилгааг хийж гүйцэтгээд байна.

Холбоотой мэдээ