ДАРХАН-УУЛ: Улаанбаатар хотоос хойд хил хүртэлх өвлийн гүйлт эхлүүлсэн Б.Цэвээндаш Дархан хотод ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-08 17:30:02

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ, Сүлд спорт хорооны тамирчин, ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй хорих ангийн үйлдвэр хариуцсан дарга, Хурандаа Б.Цэвээндаш холын зайн гүйлтийг эхлүүлсэн. Улаанбаатар хот Зайсан толгойгоос Монгол Улсын хойд хил Алтанбулаг хүртэлх холын зайн марафон гүйлтийг энэ сарын хоёрны өдөр эхлүүлж,  долоо дахь өдрөө Дархан хотод ирлээ.




Цагдаагийн газар, Биеийн тамир, спортын газрын хамт олон болон иргэдийн төлөөлөл түүнийг угтан авч амжилт хүссэн бол өнөөдөр аймгийн засаг даргын орлогч Б. Жавхлан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.


Ажил, амьдралын гараагаа эхэлсэн Дархан хотдоо ирэх үед шинэ бүтээн байгуулалтууд нүдэнд нь туссан тухай, мөн ирээдүйд Дархан хотдоо ирж амьдрах хүсэлтэй буйгаа уулзалтын эхэнд онцоллоо.




Б.Цэвээндаш уг гүйлтээрээ хэн нэгэнтэй уралдаж өрсөлдөх бус өөрийгөө ялан дийлэх, хүүхэд залуусыг биеийн тамирын спортод уриалах зорилготойгоор ийнхүү эхлүүлсэн аж.


Идэр ес эхэлсэн хүйтэнд өдөрт 32-52 км замыг туулж байна. Ингэхдээ цаг агаарын хүнд нөхцөл, харанхуйд замын хажуугаар гүйх зэрэг бэрхшээлтэй учирч байгаа ч даван туулсаар байна. Дархан хотоос бариа хүртэл 120 гаруй  км зам үлджээ. Бие засах, халуун цай уух үедээ л зогсож, харин орой майхандаа отоглож хоноглодог аж.




Хүмүүс зуны улиралд холын зайд гүйх нь маш их тэвчээр шаарддаг учир өвлийн улиралд гүйх боломжгүй гэж тамирчид үздэг аж. Гэвч өөртөө зорилго тавьж, эрүүл мэнддээ анхаарч, бусдыг биеийн тамираар хичээллэх сэдлийг төрүүлэхээр эхлүүлсэн гүйлтээ ийнхүү үргэлжлүүлж байна.

Анх 2008 оноос биеийн тамираар хичээллэж эхэлсэн тэрээр архи тамхи зэрэг хорт зуршлуудаас бүрэн салж чаджээ.




Ташрамд Монгол улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ, Сүлд спорт хорооны тамирчин, ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй хорих ангийн үйлдвэр хариуцсан дарга, Хурандаа Б.Цэвээндаш 2012, 2016 онд дэлхийн дээвэр Эверестийн оргилд Монгол Улсын төрийн далбааг хоёр удаа мандуулсан бахдам амжилтаараа 2016 оны шилдэг тамирчнаар шалгарч байсан аж.

Холбоотой мэдээ