Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих "Хөх баавгай Хөвсгөл" хөтөлбөр эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-01-05 11:34:48

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. АХБ-ны санхүүжилтээр орон нутагт хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” нь аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймагт голлон төвлөрч байна.

Дээрх төслийн хүрээнд "Хөх баавгай Хөвсгөл" аялал жуулчлалын хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь Засгийн газраас энэ онд дэвшүүлж "GoMongolia-2024” буюу “Өөдөө тэмүүлэх Монгол” Үндэсний зорилтын хүрээнд хийж буй үйл ажиллагаа юм гэдгийг албаныхан тодотгож байна.


Тодруулбал, аялал жуулчлалыг нутгийн иргэдэд түшиглэн хөгжүүлэх юм. АХБ-ны “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд автозам тавих, ландфил, ус цэвэрлэх байгууламжийг бариад байгаа юм. Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын дэд бүтцийг ийнхүү шинэчилж, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ аялал жуулчлалын өсөлтийг тогтвортой удирдах чадавхийг бэхжүүлэх юм.


Аялал жуулчлалаас олох орлогыг нутгийн иргэдэд хүртээх, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг бий болгоход анхаарч байна. "Хөх баавгай Хөвсгөл" хөтөлбөр нь тогтвортой аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлж, нутгийн иргэдийн оролцоог дэмжихээс гадна соёлын өв, уламжлалаа хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, байгаль орчинд ээлтэй, ул мөргүй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэж байна.


Хөтөлбөр нутгийн иргэдэд суурилсан аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлж, Хөвсгөл нуур, түүний эргэн тойрны байгалийн цогцолборт газрыг хамгаалах өндөр ач холбогдолтой гэдгийг аймгийн удирдлага онцолж байна. Тиймээс хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэд, байгаль орчинд ээлтэй эко хөтөлбөр хэмээн хөвсгөлчүүд хүлээн авч буй аж.

Цаашид тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд дэд бүтэц, зам, харилцаа, эрчим хүчний асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нь чухал байна гэдгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Оюунтуяа хэлж байна. 


Нэмж мэдээлэхэд, Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож "Монголд зочлох жил”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн онд 651.061 жуулчин хүлээн авч, нэг тэрбум ам.доллар давсан орлогыг төвлөрүүлжээ.

 

Холбоотой мэдээ