ӨМНӨГОВЬ: “Цэгцтэй гэр хороолол” мэдээллийн төв үүд хаалгаа нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-03 09:04:45

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт "Цэгцтэй гэр хороолол" дэд хөтөлбөр үе шаттай хэрэгжиж байна.  

 

Тус ажлын хүрээнд иргэдийн оролцоо, санал санаачилгад тулгуурлан “Хашаандаа сайхан амьдаръя” аяныг өрнүүлэн, эрчим хүчний хэмнэлттэй жишиг орон сууцны мэдээллийн төвийг байгуулж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

Тус төвийн нээлтийг 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж “Амьдрах орчноо сайжруулъя” төслийн уралдаанд шалгарсан таван иргэнд 5 сая төгрөг, харин дээвэр дулаалгын хөтөлбөрт хамрагдсан 54 иргэнд хоёроос гурван сая төгрөгийн батламжийг гардууллаа.

 

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж:

-“Цэгцтэй гэр хороолол” хөтөлбөрийн хүрээнд тус төслийн мэдээллийн төвийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад авч, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.


Хамгийн гол нь энэ орон сууц эрчим хүчний хэмнэлттэй ашиглалтын зардал 0, нарны эрчим хүчээр цахилгаан болон халаалтаа авдаг бие даасан сууц гэдгээрээ онцлогтой. Өмнөговь аймгийн иргэд энэхүү орон сууцыг сонирхож захиалан бариулснаар "Утаагүй Өмнөговь" хөтөлбөр амжилттай хэрэгжих юм. Мөн Өмнөговь аймагт "Чип" төсөл эрчимтэй хэрэгжиж байна. Тухайн төслийн жишиг гэрийг эрчим хүчний хэмнэлттэй жишиг орон сууцны барилгын төвийн дэргэд барьж иргэдэдээ танилцууллаа. Иргэд өргөнөөр ирж үзэж сонирхож байна.

 

Өмнөговь корпорацын захирал Б.Түвшинжаргал:

-“Цэгцтэй гэр хороолол” хөтөлбөрийн хүрээнд олон ажил зохион байгууллаа. Жишээ нь гэр хорооллын айл өрхүүдийн дунд дээврийн дулаалгын төсөл хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар 50 гаруй өрх хамрагдаад байгаа юм. Мөн эрчим хүчний хэмнэлттэй жишиг байшингийн зураг төсвийг хийж, иргэдэд үнэ төлбөргүй тараасан байгаа. Энэ зураг төсвийн хүрээнд хоёр өрх ногоон зээлд хамрагдаж байшингаа бариулсан. Энэхүү төслийг цаашид амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явна. Төслүүд амжилттай хэрэгжсэнээр агаар болон хөрсний бохирдлыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.

 

“Логмон” ХХК-ийн захирал Д.Мөнхбат:

-Өмнөговь аймагт эрчим хүчний хэмнэлттэй жишиг орон сууцны барилгын мэдээллийн төвийн барилгыг барьж байгууллаа. Тэгэхээр энэ барилга байнгын ашиглалттай мэдээллийн төвөөр ажиллах юм. Манай хамт олон Өмнөговь аймагт анх удаа пассив барилгыг барьж амжилттай хэрэгжүүлэх гэж их хичээж ажиллалаа. Барилгын үндсэн хийц нь уламжлалт барилгаас арай өөр технологитой. Бүтэн өлгийдсөн дулаалгатай, нарны эрчим хүчээр тог цахилгаанаа бүрэн шийдвэрлэсэн. Барилгын дээр 20 ширхэг нарны толь бий. Энэ нь нэг цагт 10 квт-ыг гаргах хүчин чадалтай. Барилгын дотор нь зай хураагуурууд байгаа.Тухайн зайнууд 3 хүртэлх хоногт эрчим хүчээр хангах нөөцтэй гэлээ. 

Холбоотой мэдээ