ХОВД: Эх хэлний боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хийсэн ажлыг үнэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-20 14:16:37

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/.  Соёлын яамнаас 21 аймгийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагын дунд "Хос бичигтэн байгууллага" шалгаруулах уралдаан зарласан юм.

Тус уралдаанд Ховд аймгийн Соёл, урлагийн газар тэргүүн байр эзэлж, мөнгөн шагнал авлаа.


Хос бичгээр албан хэргээ хөтлөх ажлыг амжилттай туршиж, үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд идэвх, шинэ санаачилга гарган, үр дүнтэй ажилласан амжилтаараа ийнхүү шалгарчээ.  

Тус байгууллагын хамт олон "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд хөөмий, торгууд бий биелгээний өв соёлыг сурталчлах олон талт үйл ажиллагаа зохион байгуулж,  салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулжээ.

Мөн  үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх аяны хүрээнд "Монгол бичиг-Монголын бахархал" сэдэвт монгол бичгээ сурч судлахын ач холбогдол, сурах боломж нөхцөлийг таниулах мэдээллийг түгээж, сургууль, цэцэрлэг, зарим төрийн байгууллагын ажилтнуудын дунд уралдаан зохион байгуулж, эх хэлний мэдлэгийг нь сайжруулсан байна. 

Холбоотой мэдээ