“Осака Экспо” болох газрын ойролцоо нисдэг таксиг туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2023-12-14 17:08:23

ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /NHK/. Японы Осака хотноо болох “Дэлхийн Экспо-2025” үзэсгэлэнгийн үеэр агаарын такси үйлчилгээ санал болгохоор төлөвлөж байгаатай холбогдуулан үзэсгэлэн болох газрын ойролцоо нисдэг такси туршлаа. 


Японы Аж үйлдвэрийн яам ба Japan Airlines компанийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй уг төсөлд Германд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийг ашигласан байна. Japan Airlines  экспогийн үеэр нисдэг таксины үйлчилгээг санал болгохоор төлөвлөж буй компаниудын дөрвөн бүлгийн нэгийг тэргүүлдэг. 


Экспогийн үеэр ийм тээврийн үйлчилгээнд өөр тээврийн хэрэгсэл ашиглахаар төлөвлөж байгаа боловч энэ удаагийн туршилтын хөөрөх, буух мэдээллийг ашиглана гэж тус компанийн төлөөлөгчид мэдээлжээ. Japan Airlines компанийн ажилтан Күнезаки Масато хэлэхдээ, бид тээврийн хэрэгслээ аюулгүй нисгэж чадсан бөгөөд энэхүү туршилтаас олж авсан ноу-хауг ашиглан экспогийн үеэр нислэг үйлдэхээр төлөвлөж байна гэв. 


Үзэсгэлэнгийн үеэр ANA Holdings, SkyDrive компаниудын тэргүүлж буй бүлгүүд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Нисдэг таксины аюулгүй байдлын хэм хэмжээний талаарх хэлэлцүүлэг одоог хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд энэ нь ийм үйлчилгээг нэвтрүүлэхэд тулгарч буй гол бэрхшээл хэвээр байгаа юм.

Холбоотой мэдээ