Tesla хоёр сая гаруй машинаа эргүүлэн татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-12-14 15:24:17

ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /DW/. Америкийн тэрбумтан Илон Маскийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани хоёр сая гаруй автомашинаа эргүүлэн татахаар шийдвэрлэснээ лхагва гарагт мэдэгдлээ. 


Тус компанид үйлдвэрлэсэн автомашинуудын автомат жолоодлогын горимыг зохицуулдаг программ хангамж доголдож болзошгүйг АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газар /NHTSA/ тогтоосон байна. Tesla мөн Канадын зах зээлээс 193 мянган автомашиныг дээрх шалтгаанаар эргүүлэн татахаа мэдэгджээ.


Ингэснээр автомашинаа автомат жолоодлогын горим дээр тохируулсан үедээ жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал хандуулж байгаа эсэхийг хянах програм хангамжийн шинэчлэлтүүдийг суулгах ажээ. NHTSA-аас лхагва гарагт мэдээлснээр, программ хангамжийн шинэчлэлтийн хүрээнд жолоочид анхааруулга өгөх давтамжийг нэмэгдүүлж, автомат жолоодлогын функцийг ашиглаж болох газруудыг хязгаарлана.


Tesla-гийн машинууд осолдох үед автомат жолоодлогын горимоор тохируулсан байж болзошгүй хэд хэдэн ослыг NHTSA хоёр жилийн турш шалгасны эцэст дээрх шийдвэрийг гаргажээ.


Эргүүлэн татах машинуудад 2012 оны 10 дугаар сарын 5-аас 2023 оны 12 дугаар сарын 7-ны хооронд үйлдвэрлэгдсэн Model Y, S, 3, X гэсэн бүх загварууд хамаарах аж.  

Холбоотой мэдээ