АРХАНГАЙ: Улсын нөөцөөс 316 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-14 11:48:47

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт энэ сарын 23-ны орой ирж, аймгийн Онцгой комиссыг 21.00 цагт хуралдууллаа.


Хурлаар аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл, санал хүсэлтийг сонссон юм. Аймгийн Онцгой комиссоос мэдээлэл танилцуусны дараа:  

  • Цас зудын хүндрэлийг хохирол багатай даван туулах хаагдсан зам, давааг нээж, зам гаргах хөдөлгөөнийг хэвийн явуулах, малчдын мал, мах өвс тэжээл зөөх, отор нүүдэл хийхэд дэмжлэг болох, өвс тэжээл тээвэрлэн хүргэх, отроор яваа малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэхэд зориулж, Засгийн газраас 100.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
  • Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдын бэлтгэсэн өвс тэжээлийн нөөц дуусах төлөвтэй байгаа тул Улсын нөөцөөс хөнгөлттэй үнээр өвс тэжээл олгох,
  • Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв, Цэнхэр сумын Засаг даргын тамгын газар, аймгийн ХХААГ-ын үйлчилгээний авто машины гүйлтийн норм дуусч, эвдрэл гэмтэл байнга гарч, явах боломжгүй болсон тул  туулах чадвар сайтар фургон автомашин шийдвэрлэх,
  • Аймаг, сумдад түлш, шатахууны хомсдол үүсч, эрүүл мэнд болон төрийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч байгаа тул шатахууны хомсдолыг шийдвэрлэх зэрэг саналыг тавилаа.

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан:

-Монгол Улсын нийт нутгийн 70 орчим хувь нь зудын нэн их буюу зудын эрсдэл өндөр, 20 гаруй хувь нь дунд гээд нийт 90 орчим хувь нь зудын эрсдэлд орсон. Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, Шуурхай штабыг ажиллуулж, 21 аймгийн Онцгой комиссын мэдээг авч, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна. Цаашид бүх шатны удирдлагуудыг үүрэгжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг зохион байгуул. Жил ирэх тусам аливаа гамшгийн эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Бид өнөөдөр зөвхөн өвс, тэжээл хүргэх тухай биш малчдын ар гэр, эрүүл мэнд, ахуй амьдрал, хүүхэд, орлого гээд нийгмийн амьдралыг бүхэлд нь харж, цогц арга хэмжээг авч, зохион байгуулах ёстой. Эм тариа, эмчилгээ оношилгооны болон хүн хүч, техникийн нөөцөө тодорхой болго. Засгийн газраас малчдын мал, махыг авах, борлуулах ажилд дэмжлэг үзүүлэхээр болсон. Иймд орон нутгийн удирдлагууд энэ ажлыг хавраас зохион байгуулна хэмээн тэмдэглэн хэлэв.


Аймгийн Онцгой комиссын хурлын төгсгөлд тодорхой чиглэлээр үүрэг өгч, зарим асуудлыг шийдвэрлэлээ.

  • Орон нутагтаа өвс, тэжээлийн нөөцийг нэн яаралтай нэмэгдүүлэх,
  • Мал махны үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих ажлыг эрчимжүүлэх, малчдын бэлтгэсэн махыг худалдан авах, нөөцлөх, борлуулах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах,
  • Эрдэст тэжээлийг үйлдвэрлэгчээс малчдад шууд нийлүүлэх ажлыг зохион байгуулах,
  • Мал, мах худалдан авах, борлуулах явуулын цэгийг бүсчилж зохион байгуулах зэрэг үүрэг чиглэл өглөө.

Харин аймгийн Онцгой комиссын тавьсан саналын хүрээнд өвөлжилт хүндэрсэн байдлыг харгалзан улсын нөөцөөс 316 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, Ланд-78 машин нэгийг, аймгийн Онцгой комисст 25 тн түлшийг тус тус шийдвэрлэж өгсөн юм.


Хурлын төгсгөлд ирэх 2024 онд аймаг орон нутгийн удирдлагуудтай байгуулсан гэрээг дүгнэхдээ чанар, аюулгүй байдал болон эрсдлийн стандартуудыг хэрхэн хэрэгжүүлж ажилласнаар дүгнэх зарчим руу орж буйг дуулгалаа. Жишээ нь, малын хашаа, саравч барих шинэ стандарт батлагдсан. Үүнийг орон нутагтаа хэрэгжүүлж эхлэх санаачилгыг хэлж байв. 

Холбоотой мэдээ