X сүлжээний сурталчилгааны орлого огцом буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-12-13 11:06:09

НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /Bloomberg/. 2022 онд 4 тэрбум долларыг зар сурталчилгаанаас олж байсан олон нийтийн X сүлжээ /хуучнаар Twitter/ энэ онд ойролцоогоор 2.5 тэрбумыг олох төлөвтэй байгаа нь 30 гаруй хувиар огцом доошилсон үзүүлэлт юм. 


X сүлжээ энэ оны гурван улирал тутамд зар сурталчилгаанаас ердөө 600 гаруй сая доллар олсон бөгөөд дөрөвдүгээр улирлын үзүүлэлт мөн ийм түвшинд байх төлөвтэй байна. Өнгөрсөн онд тус компани улирал бүр нэг тэрбум доллар гаруй орлого олж байлаа. 


Эх сурвалжуудын мэдээллээр, X-ийн нийт орлогын 70-75 хувь нь зар сурталчилгаанаас бүрддэг байна.


Америкийн бизнес эрхлэгч, тэрбумтан Илон Маскийн мэдэлд очсон X компани шинэ эзнийхээ элдэв үг үйлдлийн улмаас орлого болон зар сурталчилгаа өгдөг үйлчлүүлэгчдээ алдсан гэж Washington Post сонинд өмнө нь бичиж байв. И.Маск Twitter компанийг жилийн өмнө 44 тэрбум доллароор худалдаж авсан билээ. 




Холбоотой мэдээ