Умард Солонгос НҮБ-ын гишүүн байх нь зохимжтой эсэх талаар бодох хэрэгтэй гэв

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-09-23 14:25:46

НҮБ./TASS/. Умард Солонгос улс НҮБ-ын гишүүн байхад таарч тохирохгүй гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бён Се НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцон үг хэлэхдээ мэдэгдлээ.

“Умард Солонгос нь НҮБ-ын дүрмийг удаа дараа зөрчиж, хүлээсэн үүрэг хариуцлагаа илт үл ойшоож байна. Ийм улс орон энх тайвны төлөө тэмцдэг байгууллагын гишүүн байх нь зохимжтой юу гэдэг талаар бодох цаг нэгэнт болжээ” гэж тэрбээр хэлсэн байна.

“Пхеньян өөрийн өдөөн хатгасан үйлдлүүдээрээ НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн нэр хүндийг гутааж байна” гэж Өмнөд Солонгосын сайд хэлээд, Пхеньяны эсрэг хатуу хориг арга хэмжээ авахын тулд 2270 дугаар тогтоолыг заалтуудыг улам өргөжүүлж, шинээр тогтоол гаргахыг НҮБ-д уриалжээ.

Өнгөрсөн 1 дүгээр сард Умард Солонгос цөмийн туршилт хийж, 2 дугаар сард хиймэл дагуул бүхий пуужин хөөргөснийг НҮБ зэмлэн буруушааж,  хориг арга хэмжээ авах тухай 2270 дугаар тогтоолыг баталсан юм. Тогтоолд зааснаар, Умард Солонгосоос нүүрс, төмөр, алт, төмрийн хүдэр, титан болон газрын ховор элементүүдийг экспортлохыг хориглосон байна. Тус улсын экспортод загас /25 хувь/, хүн орхоодой болон уламжлалт анагаах ухааны төрөл бүрийн эмүүд нэлээд хувийг эзэлдэг ажээ. Дээрх тогтоолын дагуу хориг тавихаас өмнө БНАСАУ нүүрсний экспортоос 1 тэрбум доллар, төмрийн хүдрийн экспортоос 200 сая доллар олдог байжээ. Тус улсын эрх баригчид энэ мөнгийг пуужин болон цөмийн хөтөлбөрүүддээ зарцуулдаг байж магадгүй гэж НҮБ хардаж байгаа юм.

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ