ГОВЬ-АЛТАЙ: Мал, тэжээвэр амьтдын тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-12-07 10:58:28

Есөнбулаг 2023 оны арван хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. 2023 оны мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах тухай Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.


Түүхэн мэдээллээс дурдвал, Мал тооллогыг өмнө нь зун, намрын улиралд зохион байгуулдаг байсан бол 1961 оноос эхлэн жилийн эцэст буюу 12 дугаар сард тоолдог болсон. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай юм.


Мал тооллогын дүнг макро түвшний тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашигладаг бөгөөд салбарын эдийн засгийн тооцооны тулгуур үндэслэл болдгоороо ихээхэн ач холбогдолтой.


2022 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Говь-Алтай аймгийн малын тоо толгой 3.17 саяд хүрч, адуу 127.6 мянга, үхэр 74.8 мянга, тэмээ 45.4 мянга, хонь 932.4 мянга, ямаа 1.99 сая толгой мал тоологдсон.


Малтай өрх, байгууллага, аж ахуйн нэгжийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй хамрагдахыг холбогдох албанаас уриалав. 

Холбоотой мэдээ