Төв аймгийн 4 суманд малын гоц халдварт өвчний 10 гаруй голомт байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан сумдад малын гоц халдварт шүлхий өвчний 7 голомт, Мөнгөнморьт, Баян, Баянцагаан сумдад гоц халдварт цэцэг өвчний 6 голомттой байна. Дээрх сумдад Төв аймгийн онцой байдлын газар болон бусад албан байгууллагын 57 алба хаагч хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.
“Өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх эхний вакцинжуулалтанд 2078 өрхийн 89733 үхэр, 181737 бог мал хамруулж тарилгын явц 81.5 хувьтай байна. Харин давтан вакцинжуулалтанд 1266 өрхийн 58303 бод, 78464 бог мал хамрагдаж тарилгын явц 40.9 хувьтай байна” хэмээн Төв аймгийн ХХААГазрын мал эмнэлгийн лабороторын эрхлэгч Н.Энхчимэг хэллээ. Мөн дээрх 4 сумын 15 хяналтын цэгт 7590 автомашинд үзлэг шалгалт, 47009 метрквадрат талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Түүнчлэн малын гоц халдварт өвчлөлтэй сумдад өнөөдрийн байдлаар 10 өрхийн 185 хонь өвчилснөөс 170 хонь устгажээ. Цаашид өвчний дэгдэлтийг хязгаарлах үүднээс дээрх сумдад байнгын ажилгаатай хяналтын 15 цэгийг ажиллуулан хорио цээрийн арга хэмжээг авч ажиллаж байна.
Т.Есүхэйтөмөр