ӨВӨРХАНГАЙ: “Тэмээчдийн баяр-2023” улсын уралдаан Арвайхээр хотод болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-01 13:41:28

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийн ЗДТГ, ХХААГ, “Монголын хоолой” тэмээчдийн холбоо, “Тэмээний соёл” холбооноос “Тэмээчдийн баяр-2023” улсын уралдааныг өнөөдөр Арвайхээр суманд зохион байгуулж байна.


Тэмээн сүргийг өсгөх, үүлдэр, ашиг шим, чанарыг сайжруулах, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, өвлийн эвент үйл ажиллагааг хөгжүүлэх, тэмээчдийн залуу халааг бэлдэж, алдаршуулах зорилготой энэхүү баярт Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай аймгаас тэмээчид оролцож байна.


“Тэмээний баяр”-аар атан тэмээ, тайлаг, торомны уралдаан, тэмээн дээрээс шагай шүүрэх болон буухиа тэмцээн, 4х500 метрийн богино зайн уралдааныг явуулж, “Тэмээтэй сайхан хос”, “Шилмэл буур”, “Шилмэл ингэ”-ийг шалгаруулна. Одоогоор атан тэмээ, тайлаг, торомны уралдаан болж байна. 


"Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад оролцогч аймгуудын ЗДТГ, Монголын ноос, ноолуурын холбоо, тэмээний ашиг шимээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг олон байгууллага тусламж, дэмжлэг үзүүлж, 100 сая төгрөгийн зардал гарган хийж байна. Цаашид "Тэмээний баяр"-ыг илүү өргөжүүлж, олон аймгийг оролцуулж, тэмээчдэд улсын цол олгодог болоход анхаарна" хэмээн УИХ-ын гишүүн, "Монголын хоолой" тэмээчдийн холбооны тэргүүн Г.Ганболд хэллээ. 










Холбоотой мэдээ