ТӨВ: Гал түймэр унтраах ангийн байрыг алба хаагчид өөрсдөө барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-23 15:38:54

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр суманд байгуулагдсан Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болов. Тус ангийн байрыг Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн хүчээр барьжээ.

 

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Батсүмбэр сумын удирдлага болон Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын ард, иргэд оролцов.

.

Батсүмбэр сумаар Улаанбаатар хоттой холбогдсон хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг бөгөөд объектын гал түймэр, ой, хээрийн түймэр, зам тээврийн осол, цасан болон шороон шуурга, үер, усны осол зонхилон тохиолддог нутаг аж.

 

Иймд Гал түймэр унтраах, аврах анги нь Батсүмбэр сум болон ойролцоох сумд Борнуур, Жаргалант, Сүмбэр, Баянчандмань сумын иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллах юм.

 

Мөн нутгийн залуусаас сонгон шалгаруулж, сургаж, дадлагажуулсан алба хаагчид Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангид үүрэг гүйцэтгэхээр тангараг өргөсөн бөгөөд орон нутагт шинээр ажлын байрыг бий болгож, нутагтаа ажиллах боломж бүрдэж байгаа нь онцлог байв.

 

 

Холбоотой мэдээ