АРХАНГАЙ: Аливаа эрсдэл стандартыг хэрэгжүүлээгүйгээс үүддэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-20 21:25:09

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын шадар сайдын ивээл дор орон даяар болж буй “Эрсдэл ба стандарт” үндэсний форум Архангай аймагт үргэлжилж байна.


“Эрсдэл ба стандарт” үндэсний форумын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээсэн илгээлтийг Ерөнхийлөгчийн зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба уншиж танилцуулав.


“Эрсдэл ба стандарт” үндэсний форумын эхний хэсэгт Архангай аймгийн гамшгийн аюулын эрсдэл, стандартыг хэрэгжүүлэх, аймгийн гамшгийн эрсдлийг бууруулах зөвлөлийн тухай, мөн аймгийн хэмжээнд гарсан гамшиг ослын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, эрсдлийг удирдах стандартын талаар холбогдох удирдлагууд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлж байна.  


Өөрөөр хэлбэл, орон нутагт тулгарч буй эрсдэл бүхэнд ямар стандартыг хэрэгжүүлбэл эрсдэлийг хохирол багатай даван туулах вэ гэдэгт өнөөдрийн форум чиглэж, эндээс гарсан санал санаачилга, шийдвэр нь аймаг, орон нутгийн хөгжлийн бодлого болохуйц байхаар төлөвлөжээ.


МУ-ын шадар сайд С.Амарсайхан “Эрсдэлтэй орчин ба Монгол хүн” илтгэлийнхээ төгсгөлд “Эрсдлийн үеийн сэтгүүлзүйн салбарын чуулганыг зохион байгуулна. Сэтгүүлчид гамшгийн үед үнэн бодит мэдээллийг шуурхай иргэдэд түгээх тал дээр хэрхэн ажиллах тал дээр аргачлал өгнө. Мөн даатгалын байгууллагууд зөвхөн санхүүгийн ашгийн бус харилцан хамтран ажиллах цаг болсон учраас энэ салбарынхныг хамтран ажиллахыг уриалж байна” гэлээ.


Архангай аймгийн форумын эхний илтгэл мэдээллийг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал тавьж, аливаа эрсдлийг бууруулахад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, санхүү, нөөц боломжуудыг тодорхой болгох нь эрсдлийг хохирол багатай даван туулахад нөлөө үзүүлнэ хэмээн онцоллоо. Мөн малчдын ногоон тэжээл тариалахыг дэмжиж, өвөлжөө, хаваржаанд нь газар шийдэж өгөх, мал борлуулах нэгдсэн системгүй байдал буюу малын борлуулалт муу учраас зудын эрсдэлд илүү өртөж буйг, сум, багийн түвшинд өвс тэжээлийн бэлгэл хангалтгүй байгаа нь эрсдэлийг бий болгож байгааг хэллээ.  


Мөн хүн, малын гоц халдварт өвчинд анхаарч, төрийн байгууллагууд малын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, ялангуяа худалдааны малд анхаарах, вакцинжуулалтыг тогтмол хийх ажлуудыг анхаарах нь чухал байна гэв.


Энэ мэтчилэн аливаа эрсдэл хүний амьдарч байгаа хүрээлэн буй орчны бүхий л салбарт байгааг тодотгож, ялангуяа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ган, зуд, үер, салхи шуурга болон барилга, зам, харилцааны дэд бүтэц, дулаан хангамж, эрчим хүч, хүний эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон салбарт стандартыг мөрдөхгүйгээс эрсдлүүд үүсээд буйг иргэн бүр ойлгож, өөрсдөөсөө шалтгаалах энгийн дүрэм, стандартуудаар мэдлэгээ тэлж, амьдралдаа хэрэгжүүлж байх нь чухал байгааг оролцогчид онцолж байлаа. Зөвхөн иргэдэд мэдээлэл ойлголт өгөөд зогсохгүй уялдаа холбоотой ажиллах бүхий л байгууллагууд хамтран эрсдлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга замуудыг өнөөдрийн “Эрсдэл ба стандарт” үндэсний форумын хэлэлцүүлгээс гаргаж, аймаг, орон нутгийн бодлого болгох зорилго оршиж буй.


Өнөөдрийн форумыг Архангай аймгийн ОБГ, Стандартг хэмжилзүйн хэлтэс, Архангай аймаг дахь “Монгол Даатгал”-ын салбартай хамтран зохион байгууллаа.


Форумд Архангай аймгийн төрийн байгууллагуудын албан хаагчид, аж ахуйн нэгж, иргэдийн 150 төлөөлөл оролцож байна.

Холбоотой мэдээ