Дэлхийн энх тайвныг өдрийг тохиолдуулан хураагдсан буунуудыг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-09-22 12:40:00

МЕХИКО./TASS/. Хууль сахиулах байгууллагуудын хураан авсан 17 мянга гаруй ширхэг галт зэвсгийг устгах арга хэмжээ өнөөдөр Венесуэль улсын Баркисимето хотын ган хайлуулах үйлдвэрт болжээ.

“Өнөөдөр бүх улс орнууд Дэлхийн энх тайвны өдрийг тэмдэглэж буй энэ мөчид бид эдгээр буу зэвсгийг устгаж байна” гэж Венесуэлийн Хуульзүй, дотоод хэргийн сайд Нестор Реверол мэдэгдлээ. Тэрбээр мөн хэлэхдээ “тус улсад 2003 оноос хойш нийтдээ 423 мянга гаруй ширхэг төрөл бүрийн буу зэвсгийг устгасан” гэдгийг дурджээ. Буунуудыг гангийн үйлдвэрт хайлуулан барилгын арматур болгоод дараа нь төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд орон сууц барихад ашиглах аж.

7 дугаар сард Венесуэлийн Хууль зүй, дотоод хэргийн яам мэдэгдэхдээ, 2015 онтой харьцуулахад энэ онд нийгмийн аюулгүй байдал мэдэгдэхүйц сайжирсан гэж байв. Гэмт хэргийн тоо 26 хувиар буурч, 160 дээрэмчдийн бүлэглэлийг аюулгүй болгож, 2400 гаруй хүнийг баривчилсан байна.

Ерөнхий прокурорын газрын мэдээллээр, өнгөрсөн онд 100 мянган хүнд ногдох санаатайгаар үйлдсэн хүн амины хэргийн тоо 58 байжээ. Харин "Обсерваторио Венесолано де Виоленсия" гэдэг ТББ-ын үзэж байгаагаар, энэ тоо 90-д хүрэх аж.

Х.Сарнай

Холбоотой мэдээ