Тархины чипний туршилтад тохирох хүнийг хайсаар байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-11-17 17:12:01

САН-ФРАНЦИСКО, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /new-science/. Илон Маскийн үүсгэн байгуулсан нейротехнологийн Neuralink компани тархинд чип суулгах туршилтад сайн дураараа оролцох хүмүүсийг бүртгэж эхэлснээс хойш хоёр сар шахмын хугацаа өнгөрчээ. Гэтэл маш хатуу шалгууруудтай тул чип суулгах эхний хүнийг одоог хүртэл хайсаар байна. 


“Тархи-компьютер”-ийн интерфейсийг хөгжүүлэгч Neuralink компани тархины суулгацыг хүн дээр турших зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газрын албанаас (FDA) энэ оны эхээр авсан юм. Есдүгээр сард тус компани туршилтад сайн дураар оролцох хүмүүсийг бүртгэж эхэлжээ. Neuralink-ийн тархины суулгац нь жишээлбэл, саажилттай хүмүүст компьютер, гар утсыг бодлоороо удирдан ашиглах боломжийг олгох юм.


Хэдийгээр чип суулгах эхний мэс заслын товыг хараахан зарлаагүй байгаа боловч И.Маскийн намтар судлаач Эшли Вэнс хэлэхдээ, Neuralink туршилтыг эхлүүлэхэд техникийн хувьд бэлэн байна гэжээ. Харин ганц асуудал тулгараад байгаа нь тус компани эхний мэс засалд бүх талаар тохирох өвчтөнийг хараахан олоогүй байна. Түүнийг олж чадвал 2030 он гэхэд 22 000 хүнд чипээ суулгахаар төлөвлөж байгаа бол 2024 онд 11 өвчтөнд мэс засал хийнэ. Э.Вэнсийн хэлснээр, туршилтад оролцох хүн 40-өөс доош настай, нугасны гэмтэл эсвэл амиотрофийн хажуугийн склерозын улмаас дөрвөн мөч нь саажилттай байх ёстой гэнэ. 


Харин сайн дураараа туршилтад оролцох гэсэн хүмүүс хангалттай олон байгаа ажээ. Тус компани хүмүүсийг бүртгэж эхэлснээс хойш олон мянган хүн энэ туршилтыг сонирхож байгаагаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ