Дорноговийн  хоршоологчид шилдгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-22 09:48:59

Есдүгээр сарын 14-20-ны өдөр Нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "Эрүүл Монгол Хүнс”, “АЛТАН НАМАР-2016” үзэсгэлэн худалдаанд Дорноговь аймгийн газар тариалан эрхлэгчид амжилттай оролцлоо.

Дээрх үзэсгэлэн худалдаанд Сайншанд сумын “Мөнх-Ашиг” хоршоо, Эрдэнэ сумын “Мөрөөдлийн говь” ХХК, Замын-Үүд сумын “Борхойн бүрд” ХХК оролцсон бөгөөд  “Мөнх-Ашиг” хоршоо говийн хөрсөнд ургуулсан тарвас, амтат гуагаар “Алтан намар-2016” үзэсгэлэн худалдааны  шилдэг хоршоогоор  шалгарсан бол, Сайншанд сум үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд шилдэг зохион байгуулалттай оролцсон сумаар шалгарчээ.

Говийн нөхцөлд газар тариалангийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжүүлэхэд хэд хэдэн хүчин зүйлс ихээхэн нөлөөлсөн талаар албаныхан ярив.

Орон нутгаас газар тариалан хөгжүүлэхэд бодлогоор анхаарч  “Хоршоо”, “Дорноговийн тарвас” зэрэг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж буйгаас гадна  2012 онд Чехийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр бие даасан Агро парктай болсон, газкар тариалан эрхлэгчдэд зориулж төрөөс хөнгөлөлттэй зээл олгодог болсон гээд амжилт бүтээл багагүй байгаа аж.

“Мөнх-Ашиг” хоршоо нь Сайншанд суманд өөрийн гэсэн дэлгүүртэй, мэргэжлийн агрономичтой бөгөөд эртийн төмсний 5 сортыг нутагшуулахаар 2013 оноос сорт сорилт хийж агротехнологи боловсруулж НҮБ болон салбарын яамнаас зарласан голуудын сав газрын эргийн татамын нөхөн сэргээлт, загвар талбайн тариалалтад олгох суулгацын сонгон шалгаруулалтад шалгарч, төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ