ЗАВХАН: Ихэнх суманд өвөлжилт хүндэрч, зудын эрсдэл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-10 17:09:04

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Зудын эрсдэлийн үнэлгээгээр тус аймаг эрсдэл ихтэй гарсан тухай аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.


Тиймээс өвөлжилтийн нөхцөл байдал, зудын эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын мэдээллүүдийг танилцуулах. Аймгийн Онцгой байдлын газраас үүрэг чиглэлүүд өгч, шийдвэрлэх асуудлуудын талаар ярилцаж, 24 сумын удирдлага, сумын онцгой комиссын гишүүдтэй онлайнаар хуралдлаа.

Энэ үеэр цаг агаарын болон онцгой нөхцөл байдал үүссэн үед ямар утсанд дуудлага өгөхийг онцгойлон мэдээлэв.


Тухайлбал иргэд, малчид, тээвэрчид онцгой нөхцөл байдал үүссэн нөхцөлд аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7046101, 7046105, Тэс сум дахь гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 70465701,

Сонгино сум дахь эрэн хайх аврах бүлгийн 92101105, Тосонцэнгэл сумын Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 70468101 утсанд дуудлага мэдээлэл өгөх юм.


Өвөлжилт ихэнх суманд хүндэрч, зам даваа хаагдах урьдчилсан төлөв гарсан учир аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.


Тухайлбал цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг УЦУОШГ, ОБГ- аас тухай бүрд нь авч сумын удирдлагуудад өгнө.

Тэд багийн дарга нарт, багийн дарга нар иргэд, малчдад мэдээллийг хурдан түгээх, мэдээлэл авч амжаагүй айл өрхийн тоог гаргах. Мэдээ хүргэх ажлыг яаралтай зохион байгуулж байх.


Сум багийн дарга нар 24 цагийн хугацаанд утасны бэлэн байдлаа хангах. Сум бүр онцгой нөхцөл байдал үүссэн үед эрлийн ажиллагаа, малчдад өвс тэжээл хүргэх, эрүүл мэндийн тусламж үзүүлэх хүн хүч, туулах чадвар сайтай техник хэрэгслийнхээ тоо судалгааг гаргаж бэлэн байлгах.


Гамшгийн үед хэрэглэх дулаан хувцас, эмийн сан, гэрэл чийдэн, багаж хэрэгслээ сайтар бэлтгэх. Сум бүр эрчим хүчний нөөц эх үүсвэртэй байх, байгууллагууд хоол хүнс, мод түлээний 2-3 сарын нөөцөө бэлэн байлгах.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг “Гараас гарт“ арга хэмжээний дагуу эцэг эхэд нь хүлээлгэн өгч байх.


Малчид бага насны хүүхдүүдээ малын хариулга маллагаанд явуулахгүй байх.

Отрын бүс нутаг, алслагдсан газар өвөлжих айл өрхүүд өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, асаргаа сувилгаанд эмчлүүлж буй хүн, бага насны хүүхдүүдээ төв суурин газарт өвөлжүүлэх.


Сум орон нутгаас олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх зэрэг үүрэг чиглэлүүдийг өглөө гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Ташрамд, тус аймаг цаг агаарын мэдээллийг мессежээр хүргэж байгаа аж.

Онцгой байдлын ерөнхий газар, “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлсэн.


Малчид, иргэд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж байгаа цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой байгаа юм.


Тус системийн тусламжтайгаар мэдээлэл авах хүсэлт гаргахдаа 130-105 дугаар руу мессеж илгээх юм.

Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг http://sms2.nema.gov.mn/сайтаас авах боломжтой аж.

Холбоотой мэдээ