ХОВД: Нийтийн номын сангийн хүүхдийн номын фондыг баяжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-06 16:08:12

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Орон нутгийн номын сангийн хөгжлийг дэмжих “Хил хязгааргүй номын сан” төслийн үйл ажиллагаа Ховд аймагт үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Австралийн ЭСЯ-ны хөтөлбөр хариуцсан ахлах менежер Х.Өрнөх тэргүүтэй мэргэжлийн баг, бүрэлдэхүүн орон нутагт ажиллаж, өнөөдөр номын сангийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Сургалтын явцад Австралийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй номын сангийн үйлчилгээ,  хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэж, орчин үеийн нийтийн номын сангийн шилдэг туршлагаас хуваалцан, хэрэглэгч төвтэй үйлчилгээ, технологийн дэвшлийг ашиглан хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Үүний зэрэгцээ хоёр сая төгрөгийн өртөг бүхий үндэсний болон дэлхийн сонгодог уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, боловсрол мэдээллийн шилдэг бүтээлээр Ховд аймгийн Нийтийн номын сангийн хүүхдийн номын фондыг баяжууллаа.

Ховд аймгийн Нийтийн номын санд одоогоор хүүхдэд зориулсан гурван танхим бүхий 30 мянга гаруй ном бий. 


Австрали улсын номын сангууд гэр бүлийн гишүүн бүрд хүрч хэрэглэгч төвтэй, тэгш хүртээмжтэй, олон талт, чанартай үйлчилгээ үзүүлдгээрээ дэлхийд тэргүүлдэг.  
Иймд номын сангийн шилдэг туршлагаас Монголд нэвтрүүлэх зорилтын дагуу Австралийн Элчин сайдын яам, Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбоо хамтран “Хил хязгааргүй номын сан” төслийг хэрэгжүүлж буй.  

 

Холбоотой мэдээ