Монгол: Өртөөнөөс эхлэлтэй орчин үеийн шуудангийн үйлчилгээний үнэт эрдэнэс

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-06 15:46:48
@ShoovdorBatbold

Чингис хаан Евразийг байлдан дагуулж байсан талаар дурсан ярих үед хүмүүсийн санаанд ихэвчлэн түүний морин цэргийн хурд, галт зэвсэг, дарийн хүчний тухай бодол орж ирдэг. Гэтэл өргөн уудам нутгийг хамарсан эзэнт гүрнийг нэгтгэн захирч байсан нууц нь түүний тушаалыг дагаж мөрдүүлэхэд туслах үр дүнтэй харилцаа холбооны тогтолцоонд байлаа.


Энэ бол Чингис хааны амьд ахуй үед цэцэглэн хөгжиж, Дэлхийн II дайны дараах үеийг хүртэл олон зууныг дамнан үргэлжилсэн өртөө шуудан юм. 


19 дүгээр зууны дунд үеэс өртөө нь аажмаар орчин үеийн шуудангийн үйлчилгээнд халаагаа өгсөн бөгөөд энэхүү үйлчилгээг Монголд эхлээд оросууд 1878 онд, дараа нь хятадууд 1911 онд нэвтрүүлжээ. Монгол Улс анхны шуудангийн маркийг 1924 оноос гаргаж эхэлсэн нь өдгөөгөөс бараг зуун жилийн тэртээ гэсэн үг. Хүн төрөлхтөний хэрэглээнд гар утас нэвтрэхээс өмнө захидал илгээх нь харилцаа холбооны гол суваг байсан билээ. 


Шуудангийн түүхийг судлах, цуглуулах нь марк цуглуулгын нэг салбар юм. Марк нь захидлыг илгээх үеийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдлыг харуулдаг тул цуглуулагчид тэдгээрийг нандигнан хадгалдаг. 


“Шувуу мэт хурдан” гэдгийг илэрхийлэн дөрвөн буланд нь шувуу дүрслэн зурсан өртөөний буухиа шуудан. Өргөө хот дахь хятад худалдаачны Оросын шуудангийн үйлчилгээгээр явуулсан орос марктай захидал. 


Дараа нь Хятадын шуудангийн үйлчилгээгээр илгээсэн хятад марктай захидал, хожим нь илгээсэн монгол марктай захидал. Эрт дээр үед хүмүүс өөрсдийн хувийн нууцыг хадгалах үүднээс маркийг түгээмэл хэрэглэдэггүй байсан нь тэдгээрийг ховордоход хүргэжээ. Төвөд рүү илгээсэн захидал-тухайн үеийн зам харилцааны байдлыг харгалзан үзвэл энэ нь амаргүй даалгавар байсан бөгөөд эл шалтгаанаар ердөө хоёрхон захидал хадгалагдан үлджээ.  


“Asian Philatelist” сэтгүүлийн редактор, “Ava Auctions” компанийн түнш ноён Дэнни Вонгийн Монголын цуглуулагчдад дэлгэн үзүүлсэн ховор эд зүйлсийн нэгээхэн хэсэг.  Эдгээрийн ихэнхийг 2023 оны 11 дүгээр сарын 11-нд Хонконгт болох “Autumn Sales” дуудлага худалдааны үеэр зарж борлуулна. Дэнни Вонгийн хэлснээр, энэ бол Америкийн нэрт марк цуглуулагч ноён Стив Чейзений бүтээсэн Монголын шуудангийн түүхийн хамгийн шилдэг цуглуулга юм. Эдгээр нь Монголын соёлын өвийн үнэт эрдэнэс бөгөөд тэрбээр энэ завшааныг ашиглан Монгол цуглуулагчдад өв соёлоо хадгалан авч үлдэхэд нь тус нэмэр болох мэдээлэл өгөхийг өөрийн үүрэг гэж үзэж байгаа ажээ.


Монголын Филателийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, ноён Ч.Содоо үүнтэй санал нэг байгаа бөгөөд тэрбээр хэлэхдээ, олон улсын дуудлага худалдааны байгууллага өвөрмөц худалдааг сурталчлахаар Монголд анх удаа ирж байгаа нь энэхүү соёлын өвийн ач холбогдлыг илтгэн харуулж байна гэв.


Холбоотой мэдээ