БАЯНХОНГОР: Галын аюулгүй байдлыг хангаагүй 754 зөрчлийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-02 09:12:39

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан “Гэр хорооллын айл өрхөд галын аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас”-ыг Google forms программ ашиглан цахим хэлбэрт оруулан, зөрчлийн нэгдсэн судалгаа, мэдээллийг гаргах хяналт шалгалтыг зохион байгууллаа.


Энэ хүрээнд аймгийн Онцгой байдлын газраас Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 1051 өрхийн 536 хашаанд хяналт шалгалт зохион байгуулж, 1524 иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгчээ. 


Google forms программ ашиглан авсан судалгаагаар Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт 1069 айл өрх, түр оршин суугч 467 өрх, 3659 иргэн /өндөр настан 478, том хүн 2265, бага насны хүүхэд 1420/ байна. 


Сүүлийн гурван жилийн гал түймрийн дуудлага мэдээллийг судалгааг гаргахад Баянхонгор суманд 2021 онд 17 удаа, 2022 онд 12 удаа, 2023 онд 23 удаа тус тус гал түймэр гарсан байна. 





Хяналт шалгалтаар гэр байшин, гэр хоорондын аюулгүй зай хэмжээ баримтлаагүй 128, зуухны галын аюулгүй байдлыг хангаагүй 145, үнс нурмаа зориулалтын сав, нүхэнд асгаагүй 249, цахилгааны аюулгүй байдал хангаагүй 190, хийн баллон болон хялбар авалцан асах шингэн, материал хадгалдаг 42 зөрчил нийт 754 зөрчлийг илрүүлжээ.

            

Ташрамд, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, цогтой үнс нурмаа зориулалтын саванд хийж хэвших, цахилгааны утасны бүрэн бүтэн ханган, гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт цоожилж үлдээхгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ