ӨВӨРХАНГАЙ: Хууль бусаар тарвага агнасан гэх 19 зөрчлийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-24 15:04:35

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сумдын байгаль орчны хяналтын байцаагч, Байгаль хамгаалагч, Экологийн цагдаагийн албан хаагчид хамтран хууль бус ан агнуур, мах, түүхий эдийг худалдан борлуулах зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 7 дугаар сараас эхлэн тасралтгүй зохион байгуулж байна.


Энэ хугацаанд хууль бусаар тарвага агнасан, мах, түүхий эдийг ашиг олох зорилгоор олон тоогоор худалдаалсан, тээвэрлэсэн 19 зөрчлийг илрүүлж, зөрчил үйлдсэн 19 иргэнд нийт 1.890.000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 76.260.000 төгрөгийг нөхөн төлүүлж, 93 тарваганы нойтон махыг хураан аймгийн ЗӨСТ-д шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Зарим иргэн хот, сум хооронд хориотой, амьтны гаралтай мах, арьс түүхий эдийг нуун дайсны улмаас жолооч нарт асуудал учруулж, тээврийн хэрэгслээ олон хоногоор түр хураалгах, ачааны эзэн холбогдогч тогтоогдохгүй бол торгууль, нөхөн төлбөрийг төлөх зэргээр зөрчилд холбогдож байна. Иймд аймаг, сум, хот хоорондын тээвэрчид дайвар ачаа авахдаа сайтар шалгаж авч байхыг холбогдох албанаас анхаарууллаа.


Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор нэг ширхэг тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ хоёр дахин өсөж, 410.000 төгрөг болсон бөгөөд "Амьтны тухай" хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу тус үнэлгээг хоёр дахин нугалж төлүүлж байна.

 

Холбоотой мэдээ