Английн шигшээ баг ЕВРО-2024-д оролцох эрхээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-10-18 12:44:32

ЛОНДОН, 2023 оны аравдугаар сарын 18 /BBC/. 2024 оны Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Английн шигшээ баг Италийн багийг 3:1-ээр хожсоноор уг тэмцээний төгсгөлийн шатанд оролцох эрхээ авлаа. Тоглолт Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болжээ.


Английн багаас Харри Кейн (тоглолтын 32 дахь минут, 77 дахь минутад торгуулийн цохилтоор), Маркус Рэшфорд (57) нар гоолдсон байна. Харин хожигдсон багаас Жанлука Скамакка (15) гоол оруулжээ. Х.Кейний хувьд Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд 61 дэх гоолоо оруулж, багийнхаа бүх цаг үеийн шилдэг мэргэн буучийн жагсаалтад тэргүүллээ хадгалсан байна. Аравдугаар сарын 17-нд болсон урьдчилсан шатны бүх тоглолт Брюссельд халдлагад өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогссоноор эхэлжээ. Бельгичүүдтэй хийх шигшээ багийнхаа тоглолтыг үзэхээр ирсэн Шведийн хоёр хөгжөөн дэмжигчийг хөнөөсөн халдлага даваа гарагт гарсан юм. 


Английн шигшээ баг 6 тоглолтын дараах байдлаар 16 оноотойгоор С хэсгийг тэргүүлж байна. Энэ хэсэгт багтсан Украины баг Мальта улсын багийг талбайд нь 3:1 оноогоор буулган авснаар хүснэгтийн хоёрдугаарт (13 оноо; 7 тоглолт) бичигдэж байгаа бол Итали (10; 6), Умард Македон (7; 6), Мальта улсын (0; 7) багууд удаалж байна.


H хэсгийн тоглолтуудад Казахстаны шигшээ баг Финландын багийг (2:1) хожсон бол даничууд Сан-Мариногийн багаас (2:1) илүү гэдгээ харуулж, словенчууд Умард Ирландыг талбайд нь хожсон (1:0) байна. Найман тойргийн дараах байдлаар хүснэгтийн нэгдүгээрт Словенийн баг (19 оноо) бичигдэж, дараах байруудыг Дани (19), Казахстан (15), Финланд (12), Умард Ирланд (6), Сан-Мариногийн (0) шигшээ багууд эзэлж байна. 


G хэсэгт Сербийн шигшээ баг Монтенегрог талбайдаа 3:1-ээр хожсон бол литвачууд талбайдаа Унгарын багтай тэнцжээ (2:2). Энэ хэсгийг унгарууд (14 оноо; 6 тоглолт) тэргүүлж байгаа бол хоёрдугаарт Серби (13; 7), дараа нь Монтенегро (8; 6), Литва (6; 7), Болгарын (2; 6) багууд бичигдэж байна.


Одоогоор Австри, Бельги, Португал, Франц, Испани, Шотланд, Туркийн шигшээ багууд ЕВРО-2024-д оролцох эрхээ аваад байгаа билээ. Сонгон шалгаруулалтын хэсэг тус бүрээс эхний хоёр байраар гарсан багууд тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Үлдсэн оролцогчдыг Үндэстнүүдийн лигийн плей-оффын тоглолтуудын дүнгээр тодруулах юм.


Холбоотой мэдээ