ДАРХАН-УУЛ: Ах, дүүгийн харилцаатай хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-12 17:44:06

Дархан, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Обрущански Борбала Аннаг хүлээн авч уулзлаа.




Уулзалтын эхэнд 62 жилийн түүхтэй Дархан хотыг барьж байгуулахад Унгарын ард түмний тусламж, дэмжлэг их байсныг Засаг дарга дурдаж одоо ч манай аймаг Капошвар хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай ажилладгийг талууд онцлов.




Цаашид хоёр улсын найрамдалт харилцааг өргөжүүлэхэд ах, дүүгийн харилцаатай хотуудын хамтын ажиллагаа чухал бөгөөд эдийн засаг, нийгэм, соёл, спортын салбарт түлхүү өргөжүүлэн хамтран ажиллаж, туршлага судлах ажлыг эрчимжүүлэхээр боллоо.




Элчин сайдын айлчлалын үеэр Унгар Улсын нэрт яруу найрагч Петөфи Шандорын шүлэг, яруу найргийг сурталчлан таниулах, тус улсын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах хөтөлбөр, боломжуудын талаар ахлах ангийн сурагчдад мэдээлэл өгөх ажлыг зохион байгууллаа.




Манай улсаас жилд 200 оюутан Унгарын Засгийн газрын зуун хувийн тэтгэлгээр тухайн улсад суралцдаг аж. Зөвхөн бакалавр бус магистр, докторын зэрэгт ч тэтгэлэгт хамрагдах боломжтой ажээ.


Жил бүрийн аравдугаар сарын 23-ны өдөр Унгар Улс Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярын өдрийг тэмдэглэдэг өнгөрүүлдэг аж. Тус баярыг угтан Монгол-Унгар хоёр улсын ард түмний уламжлалт найрсаг харилцааны хүрээнд Унгарын нэрт яруу найрагч “Петөфи Шандорын шүлгийг хэн сайн унших вэ” уралдааныг аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан байна. Уг уралдаанд амжилттай оролцсон “Оюуны-Ирээдүй” цогцолборын 7-12 бүлгийн сурагчдад ЭСЯ-наас өргөмжлөл хадгалууллаа.




Хувьсгалч, яруу найрагч П.Шандорын шүлгүүдийг анх академич Б.Ринчен, орчуулагч Г.Аким нар монгол хэлнээ орчуулж, уншигчдын хүртээл болгосон түүхтэй аж.


Уг үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Н.Цасчихэр оролцож аймгийн нийт хүүхэд, багачуудын өмнөөс элчин сайдад талархал илэрхийллээ.



 

Холбоотой мэдээ