ДАРХАН-УУЛ: Гурван талт гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-12 12:31:43

Дархан, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ЗДТГ, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын ажлын алба, БНСУ-ын Сөүл хотын И Хуа эмэгтэйчүүдийн их сургууль хамтран ажиллахаар болж гурван талт гэрээ байгуулав. Хамтын ажиллагааны хүрээнд харилцан ойлголцлын санамж бичигт УИХ-ын гишүүн Г.Дамдинням, аймгийн Засаг дарга Б.Азжаргал, И Хуа эмнэлгийн захирал Юн Ха На нар гарын үсэг зурж баталгаажуулав.




Санамж бичгийн хүрээнд Дархан-Уул аймаг төдийгүй Монгол Улсын иргэдийг эмчлэх, боловсрол, судалгааны чиглэлээр хамтран ажиллах харилцааг бий болгож өргөжүүлэхийг зорьж байна гэж УИХ-ын гишүүн Г.Дамдинням онцолж байлаа.




Уг санамж бичигт Дархан-Уул аймаг нь эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чиглэлээр хамтран ажиллах, өвчтөн, үйлчлүүлэгчдийг оношилгоо, эмчилгээ хийлгэхээр бүртгэлийн систем рүү илгээх ажлуудыг хамтран хийхээр тусгажээ. Мөн Дархан-Уул аймаг нь зайлшгүй эмчилгээ шаардлагатай хүнд өвчтөнд эмчилгээ хийлгэх хүсэлтийг илгээж эмчлүүлэх тохиолдолд өвчтөний тоог жилд 1-2 хүнээр тооцож бусад аймгаас өвчтөний хүсэлт илгээсэн тохиолдолд Дархан-Уул аймгийн өвчтөнийг давуу байдлаар дэмжинэ гэж заажээ.


Дархан-Уул аймаг нь өвчтөн, асран хамгаалагчдад үзүүлэх эмнэлгийн бус үйлчилгээний зардалд дэмжлэг үзүүлж, бусад зардлыг өвчтөн өөрөө хариуцахаар тусгажээ. Эмнэлгийн сайн дурын үйлчилгээний цаг, хуваарийг оролцогч талууд харилцан тохиролцоно.


Түүнчлэн эмнэлгийн сайн дурын үйлчилгээнд шаардлагатай эм, бэлдмэлийг бэлдэх, өвчтөнд сэтгэл хангалуун эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Дархан-Уул аймаг нь эмнэлгийн сайн дурын үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай орон нутгийн зардалд дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.


Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор орчин үеийн эмчилгээ, оношилгооны чиглэлээр мэдээлэл солилцох, аймгийн эмнэлгийн ажилтнуудыг сургалт, семинарт хамруулахад хамтран ажиллах ажээ.

 

Холбоотой мэдээ